Лондон хотоос Сингапурын чиглэлд нислэг үйлдэж байсан Singapore Airlines компанийн онгоц агаарын хүчтэй урсгалд орж донсолсноос нэг зорчигч амиа алдаж, 71 хүн бэртэж гэмтсэн хэрэг явдал тохиолджээ.
Boeing 777-300ER онгоцонд 211 зорчигч, багийн 18 гишүүн явсан бөгөөд Тайландын нисэх буудалд ослын буулт хийсний дараа ихэнх зорчигчдыг өөр онгоцоор Сингапурт хүргэлээ. Харин бэртэж гэмтсэн хүмүүст Бангкокын эмнэлгээс тусламж үзүүлж байна.
Амиа алдсан зорчигч нь 73 настай британи эр Жефф Китчен байжээ. Түүнийг зүрхний өвчтэй байсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд задлан шинжилгээний ажил үргэлжилж байгаа тухай Тайландын олон улсын нисэх буудлын менежер хэвлэлд өгүүлжээ.
Онгоц Мьянмарын нутаг дэвсгэрээр өнгөрөх явцдаа хүчтэй аянга цахилгаантай тулгарсан байна. Эхлээд газраас 11,000 метрийн өндөрт агаарын хүчтэй урсгалд орж, доош шумбасны дараа огцом хөөрч, дахин доошоо унасан донсолгоо нийтдээ 90 секунд орчим хугацаанд үргэлжилсэн гэж нислэг хянах радарт бүртгэгджээ.