Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"10 оноо жолоочид давхар шийтгэл оногдуулдаг байсан"

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ‘Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгосон шийдвэрийг гарч, Баасан /2024.05.10/ гаригаас эхлэн дагаж мөрдөхөөр болсон. "Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ын дагуу жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон билээ. Тэгвэл уг журмыг ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Оюунтунгалагаас тодрууллаа.


-Жолооны зөрчлийн бүртгэлийн 10 оноог хасах журмыг яагаад хүчингүй болгосон бэ?

-Жолоочийн зөрчлийн оноог тооцож 10 оноо дууссан тохиолдолд автоматаар эрхийг нь хасч, давхар шийтгэл оногдуулдаг байсан нь Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож байсан асуудал гэж тогтоосон. Тиймээс ‘Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-д дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажилласан. Үүний дагуу 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ‘Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгож,  шийдвэрийг хэрэгжүүлэхээр болсон.

-Яг  ямар хуулийн зүйл, заалт зөрчсөн гэсэн үг вэ. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан гэх ямар хуулийн заалтыг зөрчиж байна вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8.3-т заасны дагуу Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, мөн тус хуулийн 18.1.3-т зааснаар зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болж, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болох зэрэг нь хүний үндсэн эрх болох зорчих эрхийг хуульчилсан дэд актаар хязгаарлах нөхцөлийг үүсгэж байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 19.2-т заасан “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэсэн зарчимд нийцэхгүй байна.

Түүнчлэн хүний эрхийн түгээмэл тунхаглалын 13.1-д “Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй.”, 29.2-т “Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй” хэмээн тус тус заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16.18-д “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тул зөвхөн хуулиар хязгаарлаж болно” хэмээн заасан байдаг.

Иймд хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, хүний эрхийг хуулиас доогуур эрэмбийн актаар дордуулахаас сэргийлэх нь Үндсэн хуулийн 70.1-т заасан “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрэн нийцсэн байх” хэмээх шаардлагыг хангана.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан шударга ёсны зарчмийн дагуу зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байж, энэхүү шударга ёсны зарчимд нийцэх учиртай. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасны дагуу жолоочийн гаргасан зөрчилд торгуулийн шийтгэл ногдуулахаас гадна зөрчлийн оноо хасаж, улмаар зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дуусгавар болгож байгаа нь дээрх шударга ёсны зарчимд нийцэхгүйн зэрэгцээ нэг зөрчлийн үйлдэлд давхар хариуцлага ногдуулан жолоочийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзсэн.

-Журмыг хүчингүй болгосноор ямар эерэг болон сөрөг тал үүсэх вэ?

-Дээрх журмыг хүчингүй болгосноор дээр дурдсан хүний үндсэн эрх хангагдаж, жолоочийн эрх зүйн байдлыг дээшлүүлнэ. Өөрөөр хэлбэл, дээрх журмын дагуу жолоочийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцдог байсан нь зогсох юм. Ингэснээр зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль төлөхийн зэрэгцээ давхар зөрчлийн оноо хасагддаг байсан явдал арилна.

Цаашид, Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлаж, улмаар хариуцлага ногдуулдаг байдлыг арилгахад томоохон нөлөө үзүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрх зүйн ухамсар дээшилнэ гэж үзэж байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.3-т заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэсэн зарчим хэрэгжинэ. Нэг зөрчилд нэг хариуцлага оногдуулах буюу шийтгэл нь гаргасан зөрчилд тохирсон байх тэгш, шударга ёсны зарчим хэрэгжих боломжтой болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан