Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын захирамжаар хотын стандартыг мөрдүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг зургаан баг болж, Улаанбаатар хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг эхлүүллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Нийтийн эзэмшлийн зам талбайд иргэд нийтээрээ чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх ёстой. Харамсалтай нь зам талбайд техник хэрэгсэл, бетонон барилга байгууламж байршуулах, хийц эдлэлүүд худалдан борлуулах, нүүрс зарах, цаашлаад хоёрдогч түүхий эд авах зэргээр стандартыг зөрчиж байна. Тиймээс ААН-үүдэд стандартыг мөрдүүлэх ажлыг даалгасан. Түүнээс гадна Улаанбаатар хотод хаягийн нэгдсэн стандартыг мөрдүүлэх ажлыг хийнэ. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр нийтийн эзэмшлийн зам талбайд барилга байгууламж барьсан талаарх мэдээллүүдийг удаа дараа ирүүлж байна. Эдгээр барилга байгууламжийн чанар хийцийг шалгах, зөвшөөрлийг цуцлах, нийтийн эзэмшлийн зам талбай руу хэтрүүлэн барьсан объектуудыг буулгах захиргааны шийдвэрийг гаргаж, газар дээр нь хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллана.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эд хүлээн авах үндсэн хашаа байдаг. Өчигдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудтай энэ талаар ярилцсан. Улаанбаатар хотын нэгдүгээр эгнээнд түүхий эд худалдаж авдаг, цаашлаад дугуй засварын үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайд хуучин дугуй, төмрийн хог хаягдал овоолж тавьдаг энэ бүх асуудлыг шийднэ. Мөн зуслангийн бүс, зам дагуу дур мэдэн уулын хаяа, хормойг шууж, газар ухахыг таслан зогсооно. Байгаль орчинд хөнөөлтэй байдлаар аккумуляторын шингэн болон бусад шатах материалыг устгаж байгаа энэ үйлдлүүдийг таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх гэх мэт стандартыг мөрдүүлэх чиглэлийн дагуу иж бүрэн арга хэмжээнүүдийг авахаар бэлтгэл ажлыг хангасан. Энэ ажлын хэсгийн гол, үндсэн үүрэг бол тухайн асуудлуудыг газар дээр нь шийдвэрлээд явахад оршино. Хотын стандарт, норм дүрмийг баримтлахын төлөө хичээн ажиллахыг иргэд, ААН-үүдээс хүсье. Хүн бүрийн соёлоос хотын стандарт эхэлнэ" гэв.