Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан УОК-оос мэдээлэл өглөө. ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн байдлаар баруун талаас агаарын хүчтэй урсгал орж ирсэн. Баруун аймгуудын нутгаар цас орсон, цасан шуургатай 24 цагийг өнгөрөөлөө. УОК-т цасан суусан 16 дуудлага ирсэн. 352 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, 66 тээврийн хэрэгслийг татан гаргасан байна.
Одоогоор Говь-Алтай аймгийн Цогт, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Ихтамир суманд цасанд суусан дуудлагаар ажиллаж байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Төөрсөн сураггүй болсон найман иргэнийг эсэн мэнд олсон.
Ховд, Говь-Алтай аймагт айлын гэр, байшингийн дээвэр хууларсан, долоон машины шил хагарсан мэдээлэл ирсэн.
Энэ мөчид Ховд аймгийн хилийн зурвас дагуу айлууд цасанд дарагдсан дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу хилийн цэргийнхэн туулах чадвар сайтай машин техник хэрэгсэлтэй ажиллахаар явж байгаа.
Баян-Өлгий аймагт цасанд дарагдсан нэг иргэнийг эрэн хайх арга хэмжээ үргэлжилж байна.
УОК-ын Шуурхай штабаас Улаанбаатар хотоос гарах Эмээлт чиглэл, Дундговь, Чойр чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлах арга хэмжээ авсан. Харин Дархан, Эрдэнэт чиглэлийн авто замын хөдөлгөөн үргэлжилж байгаа. Гэсэн хэдий ч өнөөдөр Төвийн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул ард иргэд орон нутгийн замд аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.