Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АБГББХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ Засгийн газар, Энэтхэгийн Экспорт, импорт банктай байгуулах зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэллээ Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Лурон Сэн Мартайн: Зөөвч-Овоо Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно
Гандантэгчинлэн хийдийн ном засал 500-200.000 төгрөгийн үнэтэй

“Хилэнт эх” хэмээх модон луу жил айлчлан ирж, хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор номоо уншуулахаар ирсэн сүсэгтэн олны хөлд сүм хийдүүд дарагдаад байна. Сар шинийн засал номыг заавал хийлгэх ёстой юу, засал хийлгэх нь ямар утга учир, бэлгэ дэмбэрэлтэй болох талаар дараах сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна.


Сар шинийн баярын дараахан Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны хөлд дарагддаг. Тухайн жилийнхээ засал номоо бичүүлэх гэсэн иргэдийн олонх нь ахмад настангууд. Тэд үр хүүхэд, гэр бүлийнхээ жилийн засал номоо хийлгэхээр дугаарлан зогсоно. Зарим нь нэг үеэ бодоход Гандантэгчинлэн хийдэд засал номоо бичүүлэхэд амар болсон байна гэдгийг онцолж байв.

Шинээр байгуулсан "Батцагаан" дуганы үүдний хэсэгт 15 лам хувраг иргэдийн уншуулах номыг компьютер дээр шивж, түргэн шуурхай үйлчилж харагдав. Нөгөө хэсэг нь зурхайч ламд жил, насаа шинжүүлэн ямар засал хийлгэхээ асуухаар сууж байлаа.

"ЗАСЛАА ЦАГААН САРЫН ДАРАА БОЛОН ЗУРГАДУГААР САРЫН 22-НООС ӨМНӨ БАГТАН ХИЙЛГЭЖ БОЛНО"

Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очиход гартаа цаас барьсан хүмүүс зурхайч ламын өрөөний үүдэнд дугаарласан байлаа. Засал номоо бичүүлэхээр дугаарлан зогсч буй Н.Энхтуяа "Би жил бүр гэр бүлийнхээ засал номыг хийлгэдэг. Энэ жил Ганданд оочер дугаар харьцангуй бага байна. Ихэнх засал ном нь 1000 төгрөгийн үнэтэй байна. Гэр бүлийн нэг хүнд 3-4 ном уншуулна гэхээр ойролцоогоор ам бүлээрээ 30-40 мянган төгрөг болж байна” гэв.

Монголчууд хаврын эхэн сарын шинийн эхний 15 хоногийг ихэд бэлгэшээдэг заншилтай. Гэтэл зарим хүмүүс тухайн жилийнхээ засал номыг шинийн 15-ны дотор хийлгэхгүй бол хэцүүдэх юм шиг ойлгодог.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбат тайлбарлахдаа "Ер нь эрэгтэй хүн жилээ угтаж, эмэгтэй хүн жилээ дагаж заслаа хийлгэдэг гэдэг. Эрэгтэй хүн арванхоёрдугаар сарын 25-наас шинийн 15-ны дотор заслаа хийлгэвэл сайн. Жишээлбэл, 37-ны жил нь орж буй эрэгтэй хүний мэнгэ нь голлож байгаа учраас цагаан сарын дараа хавар цагт болон зургадугаар сарын 22-ноос өмнө багтаж заслаа хийлгэж болно. Бусад ном судраа зургадугаар сарын 22-ноос хойшоо хийлгэх боломжтой. Тусгайлан хийлгэх ёстой заслаа одоо бичүүлээд яаралгүйгээр зургадугаар сарын 22-ноос өмнө нэг удаа хийлгэж болно. Намрын улиралд дахин хийлгэвэл бүр сайн.

Шинийн 1-нээс 15–ны өдрүүдэд бурхан багшийн Их дүйчин өдөр тохиодог учраас энэ хугацаанд хийсэн буян мянга түмээр арвиждаг. Тэр утгаараа иргэд хүрээ хийдээр явдаг байх.

Төв Гандантэгчинлэн хийд өдөр бүр иргэдэд үйлчилдэг. Өнөөдөр бичүүлсэн ном засал маргаашаас нь олон лам нар уншиж эхэлдэг. Хүний бичүүлсэн ном заслыг уншихгүй үлдээсэн гэх асуудал байхгүй" гэсэн юм.

Бурхан багш тэртээ 3000-гаад жилийн өмнө заларч, тэрсүүдийн зургаан багш тэргүүтэй буруу үзэлтнүүдийг дарж, их номын хувилгааныг үзүүлсэн тухай бурхны ном сударт тэмдэглэсэн байдаг аж. Тиймээс ч цагаан сарын шинийн 1-нээс 15-ны өдөр буюу их дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг гэлцдэг тул сүм хийдүүд энэ өдрүүдэд хөл хөдөлгөөнд дарагддаг. Эсрэгээрээ нүгэл, хилэнц хийвэл бас тэр хэрээр арвиждаг гэнэ. Гэхдээ буян үйлдэх ч санааных, нүгэл үйлдэх ч санааных гэдгийг лам хуврагууд хэлж байна.

Гандантэгчинлэн хийд энэ жил 10 гаруй дацанд ном хурж, нийтийн засал номыг хүлээн авч, үйлчилж байгаа аж. Энэ жилийн хувьд ихэнх ном нь 500-1000 төгрөгийн тарифтай байгаа бол хамгийн үнэтэй ном нь үйлс түргэн бүтээх, гарз хаах, лус савдагийн хорлолыг арилгах зэрэгт уншуулах “Жинсрэг” 200 мянган төгрөг, хүн, малын гарз, хараал жатгыг харуулах, ажил үйлсийг бүтээх  "Жавши" болон "Дарь эхийн чивэл", "Ширнэн дүддог" зэрэг ном 50 мянган төгрөгийн үнэтэй байв.

Гандантэгчинлэн хийдэд засал номоо уншуулахаар хүүтэйгээ явж байна. Энэ жил оочер дугаар бага байна. Гэр бүлийнхнийхээ засал номыг шинийн 15-ндаа багтаж, хийлгэхийг зорьдог. Модон луу жил монгол түмнийг ивээсэн сайхан жил гарах байх" гэдгийг Ц.Мэндбаяр хэлж байв. Түүний дэргэд суусан Д.Пунцагийн хувьд Эрдэнэтээс золголт хийхээр хотод иржээ. Тэрбээр хотод ирснийх жилийнхээ засал номоо хийлгэхээр Гандантэгчинлэн хийдэд ирсэн тухайгаа ярьсан юм.

Дэлхий дээр христийн, буддын шашин гээд 40 гаруй цаг тооны бичиг мөрдөгддөг аж.

Тиймээс улс орны иргэд ч цаг тооны бичгийнхээ дагуу шашныхаа зан үйлийг хийдэг болохыг Монгол Улсын их сургуулийн Философи шашин судлалын багш С. Дэмбэрэл хэлсэн байдаг. Шинэ жил эхэлж байгаа болохоор урьд жилдээ би ямар алдаа гаргаж байснаа ухаарч, гэмшиж, илүү нигүүлсэнгүй байж, хүн амьтанд туслах сэдэл санааг бий болгох зорилгоор засал номыг хийж иржээ.

"37, 97-НЫ ЖИЛ ХАТУУ ОРДОГ УЧРААС ТУСГАЙЛАН ЗАСАЛ НОМОО ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ"

Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбат:

-Сүсэгтэн олон шинийн 4-нөөс эхлэн тухайн жилийнхээ засал номоо хийлгэж байна. Энэ жилийн хувьд 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97, 109-ний жил орж байна. Эдгээр хүмүүс жил орсны заслаа хийлгэнэ. Мөн харш жил гээд нохой жилтэнгүүд их харш жилийн засал хийлгэх бол хонь жилтэнгүүд бага харш жилийн засал хийлгэнэ. Харин бич, хулгана жилтэн ивээл жилийн засал гээд тус тусын заслыг хийлгэвээс гариг эрхсийн нөлөөлөл, жилийн барцад саадаас хол байна. "Луу могой хоёр орооцолдох" хэмээх тул огторгуйд ургаж буй энэ луу жилд могой жилтэй хүмүүс цагаан жилийн засалтай.

Сэтгэл санаа хямрах, бие тавгүйдэх гэм буй тул Их Манал, 1000 цагаан ногоон дарь эх, 10 хангал тахиулах тэргүүтэн уншиж засал хийлгэх нь зүйтэй.

Насны гүймиг, суудлын гүймиг, мэнгэний гүймиг гэж байдаг. Насны гүймиг гэдэг нь есөн жилийн давтамжтай явдаг. Энэ нь хүүхэд эхээс төрөөд билгийн насаараа 9, 18, 27, 36, 45 гэж явдаг. Энэ нь цааш явсаар 81 насан дээр ирдэг. 81 настай ахмадууд насны гүмэг заслыг онцгойлон анхаарч хийлгэх хэрэгтэй. Суудлын гүймгийг ес, 17, 25, 33, 41, 49, 57, 65,  73, 81 настай хүмүүс хийлгэнэ. Мөн 13, 73-ны жил орсон хүмүүс хүй махбодьтой учраас сэтгэл санаа хямарна. Тиймээс Нанжид, Банзрагч, Лхамын ганшиг, Жадамба уншуулах хэрэгтэй. Бас 25, 85-ны жил орсон хүмүүс нөхөр махбодьтой учраас Доржнамжим, Цэнд, Доржнамжимын жавтий зэрэг ном уншуулах хэрэгтэй. Хатуу ордог жил бол 37, 97-ны жил. Эдгээр хүмүүс мэнгэний засал хийлгэж, тусгайлан засал номоо хийлгэх шаардлагатай. Мөн 49, 61-ний жилтэй улсууд Цэнд тэргүүтэй заслуудыг хийлгэх хэрэгтэй. Шинийн 15-ны дотор Бурхан багшийн дүйчин өдөр тохиодог учраас гандан хийдэд засал номоо хийлгэх боломжтой" гэсэн юм.

Ивээл жил: Бич, Хулгана жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа учир ивээл жилийн засалтай алс явах, их үйл хийхэд анхаарууштай. Жанцанзэмүүбүнжин, олон гурван гүрэм, Жанаг гагдаг ном уншуулбал зохилтой.

Харш жил: Хонь, үхэр бага харш, нохой жилтэн их харш 7, 19, 31, 43, 55, 67, 79, 91, 103 нас харш тохионо. Ажил үйл алинд ч саад тотгор тохиолддог тул анхаарууштай.

Бага харш жил: Төрсөн жилээс дээш, доош дөрөв тоолж гаргадаг. Догсом, Юмжаврэндүйсүн, Сундуй, Ширнэн, олон гурван гүрэм, Жадамба ном уншуулбал зохилтой.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан