Ойрын өдрүүдэд ус ихтэй аадар бороо нийслэлийн зарим хэсэгт үерийн эрсдэл бий болсон бол хөрсний бохирдол үүссэнээс болж гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, энтеровирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин нэмэгдэх эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Гэдэсний халдварт өвчний онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирүс) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирүс нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэнэх аюултай.
Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх:
1. Хамгийн энгийн арга бол Гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах явдал юм. Гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг гарын ариун цэвэр сахиснаар 50% хүртэл бууруулах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.
2. Бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, мах, сүү, ногоо, жимснээс халдвар дамжиж болох бөгөөд хоол хүнс өвчин үүсгэгч нян, вирүсээр бохирдоход нөлөөлөх гол хүчин зүйл нь хоол хүнсийг боловсруулах, зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.
Тэгвэл цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэж гарах хөрс, ахуйн бохирдлоос сэргийлэх арга хэмжээний талаар маргааш буюу 7 дугаар сарын 5-ны өдөр 10 цагаас ХӨСҮТ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.