Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбарт баримталсан бодлого, хэрэгжилтийг танилцуулах уулзалт боллоо.
Энэ үеэр сургуулийн анги танхим, коридорыг хүүхдүүдээр цэвэрлүүлдэг асуудал гарч байна гэсэн сэтгүүлчийн асуултад Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хариулт өглөө.
Тэрээр "Боловсролын агуулгыг зөвхөн хичээл хийх гэж ойлгож болохгүй. Сурагчид нийгэмших, хөдөлмөрлөх зэрэгт давхар суралцаж байх ёстой. Зарим сургууль хүүхдийг хөдөлмөрт сургах үүднээс сурагчидтайгаа ойлголцоод анги танхимаа цэвэрлэдэг жишээ бий. Одоогийн мөрдөж байгаа журмаар нийтийн эзэмшлийн талбайг сургуулийн үйлчлэгч нар цэвэрлэж байгаа. Сургуулийн үйлчлэгч нарыг цалинжуулахын тулд сурагчдаас мөнгө хурааж авдаггүй. Цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой төлбөр, мөнгө хураасан асуудлыг тухай бүрд нь хянаад явж байгаа. Харин ангийнхаа жижүүрийг хийх зэрэг зарим ажлыг сурагчид өмнө нь хийдэг байсан, одоо ч хийж байгаа” гэлээ.