Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баярсайхан: Хөрөнгө орлогоо хугацаанд нь мэдүүлээгүй албан тушаалтанд ажлаас халах хүртэлх арга хэмжээ авдаг

Улсын хэмжээнд ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Баярсайхантай ярилцлаа. Б.Баярсайхан: Хөрөнгө орлогоо хугацаанд нь мэдүүлээгүй албан тушаалтанд ажлаас халах хүртэлх арга хэмжээ авдаг

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор алба тушаалтан хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар хэчнээн албан тушаалтан хөрөнгөө мэдүүлээд байна вэ? 

Манай байгууллага нь нийт 18 дахь жилдээ нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн, шалгаж байна. Энэ жилийн тухайд 50 орчим мянган албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстойгоос өнөөдрийн байдлаар 35 мянга буюу 70 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргасан байна. Үлдсэн 15 мянган албан тушаалтан хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлгээ шинэчлэн гаргаж хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой. 

Албан тушаалтнууд ХАСХОМ-ийн мэдүүлгээ шинэчлэн гаргаж байгаа явдал нь шударга ажилласан гэдгээ илэрхийлж байгаа нэг хэлбэр болдог. Нөгөө талаараа манай байгууллага нь нийт хөрөнгө орлого мэдүүлсэн албан тушаалтны мэдүүлгийг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэдэг. Үүнээс иргэд нийтийн албан тушаалтан хэр шударга ажилласан байна вэ гэдэгт хяналт тавьдаг. Иргэд албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд манай байгууллагад гомдол, мэдээллээ өгөөд шалгуулах эрх зүйн орчин байгаа. 

ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд ямар байгууллага сайн мэдүүлсэн байна вэ? 

2022 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд Усны газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Баянхонгор аймгийн ИТХ-ын мэдүүлэг гаргагчдын 90 ба түүнээс дээш хувь мэдүүлсэн үзүүлэлттэй байна. Харин УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын Дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, БХБЯ-д мэдүүлэг гаргах явц бусад байгууллагуудтай харьцуулахад бага байна. 

Нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ийг хэр сайн мэдүүлж байна вэ? 

Сүүлийн хоёр жилээс үзэхэд ХАСХОМ гаргах ёстой албан тушаалтнууд бүгд гаргаад хэвшчихсэн байна. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр албан тушаалтнууд хуульд заасан үүргээ хэрэгжүүлээд сурчихсан байна. Нөгөө талдаа төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага дээшилж байгаагийн нэг илэрхийлэл болж байна. Энэ ажлыг улсын хэмжээнд явуулахад АТГ-аас гадна төрийн шат шатны байгууллагуудын энэ ажлыг хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд ажиллаж байдаг.

ХАСХОМ-ийн шалгалт явуулдаг. Энэ талаар ярихгүй юу? 

Манай байгууллага нь 2008 оноос хойш нийт 5400 ХАСХОМ-ийг шалгасан байна. Жилд дунджаар 300, 400 орчим албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгадаг бөгөөд өнгөрсөн онд нийт 366-г шалгаж 93 албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн байна. Хариуцлага нь сануулах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээг авдаг. 

Шалгах үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ ?

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэж хоёр үндсэн шалгах хэлбэр байгаа. Төлөвлөгөөт гэдэг нь эрсдэлийн систем гэх тооцоолол ажиллуулж байдаг. Энэ нь мэдүүлгээ гаргасан 50 орчим мянган албан тушаалтны мэдүүлгүүдийг он дарааллын хувьд яаж өсөж байна вэ, доторх мэдүүлэгт мэдээлэгдэж байгаа хөрөнгө орлого зээл ашиг сонирхлын бүтцүүд ямар өөрчлөлт гарч байна вэ, хэвийн бус зүйл ажиглагдаж байна уу, гэдгийг эрэмбэлээд байж байдаг гэсэн үг. Бид үүн дээр үндэслэн хамгийн эрсдэл ихтэй, хөрөнгөд өөрчлөлт орсноос нь эхлээд төлөвлөгөөт шалгалт хийдэг. Төлөвлөгөөт бус гэдэг нь олон нийтийн дэмжлэгийг авч ажиллаж байгаа явдал орно. Энэ нь иргэд ХАСХОМ-ийг үзээд эргэлзээтэй эсвэл сэжиг бүхий үндэслэл байх юм бол манайд өргөдөл, гомдол гаргадаг. Бид үүнийг шалгадаг. 

ХАСХОМ мэдүүлэх заасан хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ? 

Албан тушаалтан ХАСХОМ-ийг заасан хугацаанд гаргаагүй тохиолдолд хамгийн түрүүнд яагаад мэдүүлээгүй болохыг нь судална. Судлаад хүндэтгэх шалтгаантай бол сануулах арга хэмжээ авдаг. Харин заасан хугацаанаас хэтэрсэн, ХАСХОМ мэдүүлээгүй нь хүндэтгэх шалтгаангүй байх юм бол ажлаас халах хүртэлх арга хэмжээг авдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан