Байгуулагдсан цагаасаа хойш их засварын ажил хийгдэж байгаагүй ЭХЭМҮТ-ийн зарим тасаг нэгж болон “Өргөө” амаржих газарт 1.2 тэрбум төгрөгийн их засварын ажлууд хийгдэж дууссанаас гадна 23.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийгджээ.
Одоогоор ЭХЭМҮТ-д таван тасгийн иж бүрэн засвар, барилга шинэчлэлтийн ажил ид дундаа явж буй юм. Энэхүү засвар дууссанаар хүүхдийн мэс заслын иж бүрэн автомат, бүрэн тоноглогдсон, олон улсын жишигт нийцэх тасгуудтай болох юм. Энэ жилийн хувьд ЭМЯ-наас улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулжээ.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа энэ үеэр “ЭХЭМҮТ нь зургаан сарын хугацаанд засвар хийж, олон улсын жишигт нийцсэн төрөх өрөөтэй боллоо. Өмнө нь нэг өрөөнд 2-3 эх төрдөг, ар гэрээсээ тусгаарлагддаг байсан бол өнөөдөр нэг өрөөнд нэг эх төрөх зориулалтаар буюу 18 өрөөнд бүрэн засвар хийж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Өрөөний сантехник, холбоо, дохиолол, дулааны шугамнаас эхлээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Мөн VIP хоёр өрөөг гаргаж, эхчүүд хүсвэл гэр бүлийнхээ хүнтэйгээ төрөх үйл явцад хамт байх боломжтой болсон. Эхний ээлжинд VIP өрөөний төлбөрийг 60 мянган төгрөг байх тооцоолол гарсан” хэмээлээ.
ЭМЯ-наас улсын хэмжээнд төрөх эмнэлгүүдийг оношилгооны тоног төхөөрөмж болох ургийн монитор, нярайн монитор, ЭХО аппаратаар, нярайн дулаацуулах ширээ, кесераво хагалгааны иж бүрдэл, ургийн доплер, тариурын автомат шахуурга, нярайн инкубатор, 30 ширхэг Нярайн сэхээн амьдруулах ширээ, 60 ширхэг Нярайн хяналтын монитороор хангаад байна.