12.10 цаг: Японы цагдаагийн байгууллага 41 настай, Тэцүяа Ямагами гэх этгээдийг Ерөнхий сайд Абэ Шинзогийн амь насанд халдахыг завдсан хэргээр баривчилсан гэж мэдээллээ. Цагдаа нар халдлага үйлдсэн бууг хэргийн газраас хураан авчээ.
12.05 цаг: Японы Засгийн газар халдлагын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Абэ Шинзогийн биеийн байдал одоогоор тодорхойгүй байна гэх мэдээллийг өгсөн байна.
11.55 цаг: Абэ Шинзог буудсан байж болзошгүй этгээдийн анхны зураг цацагдлаа. Гэрчүүдийн авсан зургаас харахад сэжигтэн этгээд зориуд тайрч бэлтгэсэн "shot-gun" буугаар халдлага үйлдсэн бололтой.
Мөн гэрчүүдийн хэлснээр сэжигтэн этгээд эхний удаа буудахад Ерөнхий сайд асан Абэ Шинзо газар унасан байна. Үүний дараа сэжигтэн Абэ Шинзог газар хэвтэж байхад нь хоёр дахь удаагаа буудсан аж.
11.30 цаг: Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр гэмт этгээд Абэ Шинзогийн араас буюу нуруу тус газраас бууджээ. Одоогоор Японы цагдаагийн байгууллага халдлага үйлдэгч этгээдийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Түүнийг цагдаа нар Нара хотын Ямато-Сайдайжи галт тэрэгний буудлын ойролцоогоос саатуулсан аж.
11.20 цаг: Абэ Шинзо их хэмжээний цус алдсан байдалтай эмнэлэгт ухаангүй хүргэгдээд байгаа талаар Японы "Kyodo News" агентлаг мэдээллээ. Харин "NHK" телевиз Абэ Шинзогийн зүрх нь зогссон гэж мэдээлээд байна.
11.00 цаг: Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо баасан гаригт халдлагад өртөж, буудуулсан шархтай эмнэлэгт хүргэгдсэн талаар “NHK” мэдээллээ.
Тэрээр Японы баруун хэсгийн Нара хотод иргэдтэй уулзах үеэр гэмт этгээд халдсан байна. Эх сурвалжийн мэдээслнээр Абэ Шинзо үг хэлэх үеэр халдлага үйлдэгч этгээд хоёр удаа буудсан аж. Улмаар Абэ Шинзо цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.
Нара хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг саатуулсан бөгөөд одоогоор ямар шалтгааны улмаас хуучин Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан болох нь тодорхойгүй байна.