УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Тус хуулийн төсөлд архи, согтууруулах ундаа худалдах насны хязгаарлалт 21 байсныг 19 болгон бууруулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, 19 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдвал тэрхүү байгууллагыг торгох, мөн тусгай зөвшөөрлийг цуцалдаг байхаар тусгасан байна.
Өмнө нь 21 нас хүрээгүй хүн архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоно гэж заасан ч үүнийг баримталдаггүй, араас нь хөөцөлддөггүй, согтууруулах ундаа худалдан авч байгаа хүний бичиг баримтыг шалгадаггүй. Хууль батлагдсанаар насанд хүрээгүй байж болох иргэний бичиг баримтыг шалгаж байж худалддаг болох аж.
Үүний зэрэгцээ согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэхээр тусгажээ. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг эхний жил нэмнэ. Энэ удаа нэлээн өндөр буюу бараг 50 хувиар нэмээд, дараа жилээс бага хатуулагтай архи, ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттай нэмэх аж. Ингэснээр согтууруулах ундааны зохистой хэрэглээ нэмэгдэнэ гэж үзжээ.