Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛС АНХНЫ ӨӨРИЙН ӨМЧЛӨЛИЙН “BOIENG” ОНГОЦТОЙ БОЛСОН ТҮҮХ...

Өнөөдөр сайхан мэдээ сонсов. Монгол Улс, АНУ-аас худалдаж авсан “Boeing 767-300” онгоцныхоо төлбөрийг бүрэн төлж дуусчээ. Энэ өдрөөс эхлэн Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийн өмчлөлийн ''Boeing'' онгоцтой болж байна. Энэ онгоцыг худалдан авах ажлыг гардан ажилласны хувьд түүх сонирхуулья.

Онгоцыг 2013 онд АНУ-аас зээлээр худалдаж авсан. 2011 онд Зам тээвэр, барилга,хот байгуулалтын дэд сайдаар би, сайдаар Х.Баттулга ажиллаж байхдаа энэ ажлыг анх эхлүүлсэн билээ. 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлал хийх болоод энэ айлчлалыг агуулгатай болгох гэж “Boeing 767-300” нэгийг ““Boeing 737 МАХ" шинэ загвараас хоёрыг авна гэж Санамж бичиг байгуулж байсан юм.

Яагаад бид заавал өөрийн өмчлөлд онгоц худалдан авах болов оо? Учир нь би 2008 онд Зам,тээвэр,барилга, хот байгууллалтын дэд сайдаар томилогдож очоод “МИАТ”-ыг шууд хариуцдаг болоод ажилтай нь танилцах үеэс л төрсөн бодол. Төрийн өмчит “МИАТ” компани өөрийн онгоцгүй дандаа гаднаас онгоц түрээслэдэг байлаа. Тэгээд ч багтаамж муутай 737 түрээслэдэг. Гэтэл хамгийн ашигтай чиглэл болох Улаанбаатар-Сеулийн чиглэлд зун ачаалал ихсэх үед Солонгосын тал том онгоцоор олон зорчигч авч нисээд байдаг. Манайх зун бүр нэмэлт нислэг тэднээс гуйдаг. Солонгосууд нь эхлээд алба юм шиг зөвшөөрөл өгөхгүй гэнэ. За ингээд Иргэний нисэхийн дарга заримдаа бүр Ерөнхий сайд хүртэл гуйж байж нэг нэмэлт нислэгийн эрх өгнө. Ийм нэг гуйлгачлалын менежментэд орчихсон байлаа.

Би дэд сайд байхдаа нэг удаа зуны нэмэлт нислэг Солонгосын иргэний нисэхийнхэнээс гуйгаад бүр өгөхгүй болохоор нь "Солонгосын компаниудын манай дээгүүр дамжин нисэх эрхийг нь хаа" гэдэг чиглэл өгч билээ. Манай иргэний нисэхийнхэн сандарч "ингэж арай болохгүй ээ" гээд л, ИНЕГ-ын дэд дарга Алтанцом “дэд сайд аа, хэн ч ингэж байгаагүй, асуудал гарна шүү дээ” гэхээр нь "хариуцлагыг нь би хүлээнэ" гэж шахав. Ингээд Солонгосын талд мэдэгдээд тогтоосон хугацаагаа хүлээв. Айлын тал чимээгүй байсаар, манай ИНЕГ-ынхан түгшсээр хоёр хоносон санагдаж байна. Бидний тогтоосон хугацаанаас нэг хоногийн өмнө Солонгосын тал зуны нэмэлт нислэгийг зөвшөөрч, бид тэдний дамжин өнгөрөх нислэгийг зогсоох шийдвэрээ цуцлав.

За ингээд би жил бүр айлын талыг гуйлгачилахаа больё, асуудлыг нэг мөр шийдье гээд Ажлын хэсэг байгуулж, өөрөө ахлаад асуудлыг судаллаа. Ажлын хэсэгт яамны мэргэжилтэнүүдээс гадна ИНЕГ, “МИАТ” компанийн төлөөллийг оролцуулав. Монгол Улс, БНСУ 1992 онд Агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан байдаг бөгөөд шаардлагатай бол талууд тохиролцож Санамж бичиг байгуулах замаар хэлэлцээрт өөрчлөлт оруулахаар заасан байв. Хоёр улсын иргэний нисэхийн байгууллагын тохиролцсноор бол талууд хоёр талаас нисэх онгоцны маяг, багтаамж, жилд борлуулах суудлын тоог яс тохирсон байв. Зах зээл өсөх хэрээр тоогоо нэмж ирсэн бөгөөд хэт тэнцвэргүй өрсөлдөөн үүсгэхгүй байх зорилгоор суудлын тоог хоёр талдаа тэнцүү байх шаардлагыг манай тал ягштал баримталж иржээ.

Гэтэл 2004 онд санагдаж байна /оныг андуурсан байж магадгүй/ Иргэний нисэхийн даргаар Давга гэдэг хүн ажиллаж байхдаа Солонгосын талтай хэлэлцээр хийсэн байдаг. Түүний томилсон Ажлын хэсэг Солонгосын талтай хэлэлцээр хийж, Улаанбаатар-Сеулийн чиглэлд хоёр талаас нисэх онгоцны маяг, багтаамжийг хамаарахгүй болгосон байсан. Ингээд Солонгосын “КАЛ” багтаамж ихтэй том онгоцоор нисч эхэлсэн бөгөөд цөөн нислэгээр олон зорчигч тээвэрлэж үр ашигтай ажиллаж, бид жижиг онгоцтой учир өрсөлдөх боломжгүй болсон нөхцөл байдал илрэв. Тухайн үед уг тохиролцоог ИНЕГ-ын Ажлын хэсгийг хүмүүсийг дуудаж уулзаад “та нар яагаад ийм Монголд ашиггүй тохироо хийв. Хэн ийм эрх өгсөн юм” гэхээр таг дуугүй ... Тэд бүгд ИНЕГ болон “МИАТ” компанид ажиллаж байгаа нисэхийн салбарын туршлагатай мэргэжилтнүүд байсан. Монгол Улсад ашиггүй энэ тохиролцоог яагаад хийсэн бэ? гэдэг асуултанд хэн нь ч хариулж чадаагүй бөгөөд таг дуугүй суусаар өрөөнөөс гардаг байв. ИНЕГ-ын хэлтсийн дарга Баярсайхан гэж нөхөр тэр Санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Түүнийг ч өөрийг нь дуудаж шалтгааныг асууж тодруулав. Бас л таг дуугүй суудаг байв. Харин хүнээр дамжуулж “Дагва дарга л гарын үсэг зур гэсэн юм” гэж хэлүүлсэн.

Ингээд 2011 онд Солонгосын талтай хийх агаарын тээврийн хэлэлцээрийг би өөрөө ахлаад Сеулд очив. Солонгосын зам, тээврийн яам дээр хэлэлцээрт орж нөгөө ашиггүй заалтыг өөрчлөх санал тавьсан ч солонгосын тал зөвшөөрсөнгүй, бараг хэрэлдэх шахуу муудалцаж, хэлэлцээр амжилтгүй болов. Солонгосын тал “бид хүрсэн амжилтаасаа ухрахгүй” гэсэн хатуу байр суурьтай байв. Ийнхүү мухардсан бид дараагийн гарцаа хайв. Тэр нь ердөө л айлын талтай адил багтаамж ихтэй том онгоцтой болох хувилбар байсан бөгөөд эхний ээлжинд том онгоц түрээслэе гэж бид шийдсэн. Ингэж зуны сезоны оргил үед айлын талаас нэмэлт нислэг гуйдаг, тэд ёс юм шиг эхлээд татгалзаад төрийн өндөр албан тушаалтнаар гуйлгаж байж зөвшөөрдөг бараг уламжлал болсон энэ гутамшигтай байдлаас ямар ч байсан гарах нь зарчмийн асуудал гэж үзэв.

2012 оны 1 дүгээр сард Ардчилсан нам засгаас гарч, би ч дэд сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөв. Харин 6 дугаар сард болсон УИХ-ын сонгууль болоод Ардчилсан Нам олон суудал авч Засгийн газар байгуулахад би Зам тээврийн яамны сайдаар томилогдон салбартаа эргээд ирлээ. Сайд болоод ажилтайгаа танилцаж байхад 2011 онд намайг дэд сайд байх үед яригдсан АНУ аас ““Boeing 767-300”” онгоц худалдаж авах гэрээ байгуулагдаад урьдчилгаа төлчихсөн, онгоц үйлдвэрлэх ажил АНУ-д эхэлчихсэн байсан юм.

2013 оны 5 сар гараад “МИАТ”-ынхан онгоц бэлэн болсон, одоо будганд орох гэж байна, төлбөрөө төлж дуусга гээд байна аа, Сайдаа, одоо яах вэ"гэв. Би Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээр орлоо. Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцууллаа... Ерөнхий сайд яагаад ч юм нэг ойлголт дээрээ хатуу байв. Тэрээр “түрээсээр л ав л даа, яах гэж тийм үнэтэй онгоц заавал худалдаж авах гээд байгаа юм ...” гээд хөдөлсөнгүй.

Онгоц үйлдвэрээс гарчихсан, хүлээгдэж байдаг, бид мөнгөгүй гацчихсан. Ерөнхий сайд гэдийчихээд байдаг...Ингээд аргагүй байдалд орсон би эрсдэл хийж, Засгийн газрын хуралдаан дээр улайм цайм худлаа хэлэв. "Ерөнхий сайдаа та “Чингис” бондоос 20 сая л доллар надад өгчих. Онгоцоо будганд оруулаад нааш нь аваад ирье. Би АНУ ын “Exim” банкнаас зээл авчихна аа. АНУ-аас зээл аваад л наад 20 саяыг чинь буцаагаад өгчихнө" гэсэн чинь Н.Алтанхуяг итгээд “За яахав шийдье, Засгийн газрын тогтоолын төслийг Н.Батбаяр сайд, Ч.Улаан сайд, Монголбанкны ерөнхийлөгч Д.Золжаргал нартай хамт бэлтгээрэй” гэв.

Би дор нь төслөө хийгээд өөрөө барьж гүйв. Монголбанкны ерөнхийлөгч Д.Золжаргал, Фортуна Батбаяр, Ч.Улаан сайдтай уулзаж ярилцаж, саналыг авч, өдөржин ажил болов. Ингээд тогтоолоо Засгийн газарын хуралдаанд оруулж батлуулж авсан юм. Гэхдээ энэ бол их эрдсэлтэй ажил байлаа. Учир нь АНУ-ын “Exim” банктай зээлийн асуудал яриа ч үгүй, ер нь ийм боломж байгаа гэдгээр л толгой мэдээд хэлчихсэн, уул шугамандаа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг итгүүлсэн байв.

Би тэр үеийн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпэр А.Кембеллийг яаманд дээр урьж уулзаад энэ тал дээр туслаад өгөөч гэсэн анхаарал хандуулсангүй. Элчин сайд “Энэ бол элчингийн ажил бишээ. Бойнг хувийн компани. Та нар худалдаад л ав. Үүнд миний оролцоо ямар хэрэгтэй билээ” гэв. Би “Та нарт доллар бол юу ч биш. Өөрсдөө хэвлэдэг улс, 100 сая доллар хэвлээд өгчих гэсэн”, Элчин сайд “бүх дэлхий даяараа л биднийг доллар хэвлэдэг гэж шүүмжилдэг” гэж гоморхсон үг хаяж билээ.

Би яаж нэг энэ хүнээс туслалцаа авах вэ гэж бодож байгаад албан бус шугамаар арай чөлөөтэй уулзалт хийж үзье гэж бодоод 7 хоногийн дараа түүний өдрийн хоолонд урьлаа. Элчин сайд ч яамны хүмүүстэйгээ хүрээд ирлээ.. “Ivy” ресторанд тусгай өрөөнд яамны холбогдох хүмүүстэйгээ хүлээн авлаа. Би яавал энэ элчин сайдын анхаарлыг энэ асуудалд татаж, хөдөлгөх вэ гэж бодсоор нэг арга олсон байв. Зочидоо ширээнд урьж суулгачихаад би Элчин сайд руу хэсэг харав, гол нь эхлээд анхаарлыг нь татаж төвлөрүүлэх хэрэгтэй байсан юм. Элчин сайд ч хүн урдаас нь хараад суугаад байхаар гайхасгээд, урдаас харлаа..жаахан тавгүйхэж ч байх шиг...яг энэ үед нь би “strategic partner ...гэж хэлэв..

-Элчин сайд “Аан та юу гэв ээ” гэж лавлахаар нь

-Би “АНУ-ыг бид стратегийн л түнш” гэж хардаг юм шүү дээ гэлээ.

-Элчин сайд “Өө тэгэлгүй яахав” гэж байна. Түүний анхаарал төвлөрч байгаа нь ажиглагдав..Тэхээр нь би гол төлөвлөсөн асуултаа асуув: "Таниас нэг юм асууя “Англи хэлэнд харж үзэх гэдэг үг байдаг уу" гэлээ.

-Элчин сайд “Байдаг аа” гэв.

Би- “Ямар үг байдаг юм” гэлээ.

-Элчин сайд- “exception” гэдэг юм гээд нэлээд гайхсан байртай харж байна

-Тэгвэл та бидэнд эксэйпшн үзүүлнэ үү, Би төрийн сайдын хувиар стратегийн түнш АНУ-аас “эксейпшн” хүсэж байнаа. Монгол Улс далайд гарцгүй орон. Гэтэл бид өөрийн гэсэн нэг ч онгоцгүй. Тэгээд онгоцтой л болох гэсэн юм. Бидэнд АНУ-аас зээл авахад туслана уу, шууд хэлье, манай ямар ч банк танай улсын банкны зээлийн шаардлагыг хангахгүй, тиймээс АНУ-ын зүгээс харж үзнэ үү, Японы зээлээр шинэ нисэх онгоцны буудал баригдаж байна. Бид ирээдүйд АНУ руу шууд нисэх учраас том онгоц авах гээд байгаа хэрэг, Танай “Exim” банкнаас зээл авъя, Та улс төрийн дэмжлэг үзүүлчих. Онгоцны урьдчилгааг төлчихсөн. гэлээ.

Энэ удаа хатагтай Элчин сайд миний талд орлоо. Намайг нухацтай ширтэж байснаа “Би таныг маш сайн ойлголоо, сайд аа, туслалцаа үзүүлэхийг хичээе” гэлээ дээ. Ингээд би өөрийн зөвлөх Ж.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг яаман дээрээ байгуулаад үүрэг өглөө. Ж.Бямбацогт бол маш ухаалаг, хашир няхуур хүн учир түүнд бүх зохион байгуулалт, хэрэгжилтийг найдав.

Засгийн газраас 20 сая доллараа аваад АНУ руу төлбөрөө хийгээд онгоцоо аваад ирлээ. “Чингис хаан” нэртэй шинэ онгоц маань 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр Засгийн газрын гишүүдээ дагуулан баяр хөөртэйгөөр ёслол хийн хүлээн авч билээ.

Энэ хооронд зөвлөх Ж.Бямбацогтоор ахлуулсан манай яамны Ажлын хэсэг зээлийн асуудлаар ING зэрэг хөрөнгө оруулалтын банкуудтай хамтарч ажиллаж байлаа. Ингэж байтал би есдүгээр сард Хонгконгод зохион байгуулагдсан хөрөнгө оруулалтын форумд Засгийн газрыг төлөөлж оролцохоор очлоо. Хурлын өмнөхөн зааланд өнөөх Америкийн элчин сайд хатагтайтай таарлаа. Вашингтоноос буцаж явахдаа саатаж энэ форумд оролцож байж.

Элчин сайдыг хараад л түүн рүү очлоо, Элчин сайд ч намайг хараад шууд л надаас урьтаад - "За Гансүхээ тайван байгаарай. Би Вашингтоноос буцаж явна. Өөрөөс хамаарах бүх зүйлээ хийсэн. Төрийн департаменттэй уулзсан, “Exim”банктай ч уулзсан мөн “Boeing"компанитай уулзсан. Одоо “Boeing-н Захирлуудын зөвлөл хуралдаад шийдвэр гаргана" гэлээ. Би “надад yes” гэдэг хариулт нь хэрэгтэй шүү гэж шууд тулгав. Элчин сайд “одоо хоёулаа хүлээе” гэв.

Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдөр зээлийн мөнгө шилжиж, бид АНУ-ын “Exim” банкнаас 10 жилийн хугацаатай маш бага хүүтэй зээл авч онгоцны болон Засгийн газрын төлбөрийг төлсөн. Энэ төслийг хийхэд миний олон улсын хуулийн компанитай хамтарч ажиллаж байсан туршлага маань их хэрэг болсон. Хуулийн хувьд гарц, гаргалгааг нь гаргаж чадсан. Иймэрхүү олон deal дээр ажиллаж байсны хувьд чадна гэж итгэж байв. Тмймээс Засгийн газрын хуралдаанд зоригтой хэлсэн юм.

Харин “МИАТ” компани энэ төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж дуусчээ. Баяр хүргэе. Мөн тэр үед Монгол Улсад ажиллаж байсан АНУ-ын Элчин сайд, хатагтай Пайпэр А. Кембеллд бид онцгойлон талархах ёстой. Түүний дэмжлэггүйгээр энэ төсөл бүтэхгүй байсан.

Ингэж л Монгол Улс анхны өөрийн өмчлөлийн онгоцтой болсон юм даа. Өөрийн юм өргүй гэдэг, одоо хар даа. Ковидын үед энэ онгоцны хэрэг гарлаа шүү дээ.

Жич: Олон улс төрчид энэ онгоцыг Чингис бондын мөнгөөр авсан гэж боддог. Тийм биш юм. Зөвхөн гүүр санхүүжилт 20 саяыг л Засгийн газар Хөгжлийн банкнаас түр зээлдүүлснийг АНУ-ын "EXIM" банкны зээлээр буцаагаад төлсөн болно.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан