Ардчилсан гудамжинд ч, Төрийн ордонд ч хэрүүл талцалтай байна. Тэдний хэрүүл сүүлдээ УИХ-ын, улс орны асуудал болж хувирав. Бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулахаар тус бүлгийн гишүүн О.Цогтгэрэл хууль санаачлан өргөн барьсан. Үнэндээ, цөөнх өөр хоорондоо үлдсэн ганц суудлаа булаацалдахаас өөрөөр эрх баригчдыг хянах, хариуцлага нэхэх сөрөг хүчнийхээ үүргийг умартаад удаж байгаа билээ.
Цөөнхийн бүлгийн хувь заяаг хүссэн ч эс хүссэн нь МАН-ын бүлэг шийдэх нь тодорхой болов. Өнгөрсөн оноос эхлэн АН-ын бүлэг хоёр хуваагдаж, ЖАН буюу О.Цогтгэрэлийн талынхан бүлгийн даргаасаа Д.Ганбатыг огцруулах акцыг удаа дараа хийсэн. Гэсэн ч өнөөдрийг хүртэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат ажиллаж байгаа билээ. Харин тэрбээр сүүлийн үед нэлээд бухимдалтай, чуулганы хуралдааны үеэр энэхүү бухимдлаа спикер Г.Занданшатарт хүртэл гаргасан.
АН-ын бүлгийг хоёр талцуулж, даргаас нь Д.Ганбатыг чөлөөлөх улстөрийн ард экс Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа нь нэн тодорхой. Өөрөөр хэлбэл, Д.Ганбат, Х.Баттулга хоёрын эрх ашиг хэдийнэ салжээ. АН-ын бүлгийг Х.Баттулга ийнхүү хоёр дахь удаагаа задлаж, хоёр талцуулж байна. Өмнөх парламентын үед Ж.Батзундан, Лу.Болд хоёрыг МАН-д "урвуулж", АН-ыг бүлгийг задлаж байсан түүхтэй юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын хэлдэг үнэн л дээ, “нэг хүнд зориулсан хууль хэлэлцэж суухаар улс орны хэмжээнд хэрэгтэй хууль хэлэлцвэл дээр" байх нь мэдээж л дээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрөгч Лхагва /2022.06.15/ гаригт хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр бүлгийн дарга Д.Ганбат уг асуудлаар АН-ын бүлэг тав хоног завсарлага авах горимын санал гаргасан. Энэ дагуу ТББХ-оос Д.Ганбатад хоёр хоногийн завсарлага олгосон юм. Харин АН-ын бүлгийн бусад гишүүд Д.Ганбатын гаргасан горимын саналыг дэмжээгүй.
О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар бүлгийн хурал, АН-ын бүлгийг нэг хүн даргалах ёсгүй, асуудлыг олонхоор шийдэх хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлж байв. Ш.Адьшаа гишүүн Д.Ганбатад хандаж “Олонх шийдвэрээ гаргадаг зарчим үйлчлэх үү. Ганц Д.Ганбатын асуудлыг яриагүй. Д.Ганбат дарга та өөртөө дүгнэлтээ хийгээрэй. Таны хувийн компани биш учраас гишүүд бүлгийн үйл ажиллагааг болохгүй байгааг тавьсан” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дэд, түр, байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрддэг. Олонхоороо хуралдаагүй бол аливаа асуудлаар дүгнэлт гаргадаггүй, нэгдсэн чуулганд танилцуулдаггүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч 10 сараас хойш өнөөдрийг хүртэл хуралдаагүй атал дүгнэлт гаргах, завсарлага авах нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл гэдгийг дахин хэлье” гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Д.Ганбатад "зориулсан" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Бүлгийн даргад өгсөн завсарлага дууссан тул уг асуудлаар ТББХ хуралдана.
Гэхдээ ТБХХ хуралдсан ч УИХ-ын чуулган долоо хоног завсарлах юм. Учир нь энэ сарын 18-26-ныг хүртэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээр олон нийтийн санал явуулах ажлыг зохион байгуулна. Харин түүний дараа чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хууль зэрэг маргаан дагуулсан томоохон хуулийн төслүүд хүлээгдэж буй тул О.Цогтгэрэл нарын гаргасан хуулийн төслийг хэлэлцэх нь юу л бол. Хууль ёсоор УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх сарын 8-нд хаана. Тиймээс Д.Ганбатын хувь заяаг МАН шийдэхээр болж байна.