Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дараагийн 10 жилд хөрөнгө оруулалтын багцдаа заавал байлгах хэрэгсэл нь Алт уу? "Bitcoin" уу?

Зургийг: Bloomberg

2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолж байна

Дараагийн 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчид багцдаа заавал байлгах хэрэгсэл нь алт уу? Эсвэл “Bitcoin” уу? Одоогийн зах зээлийн өнгө шинжээчдийн зураглалыг харвал хоёр сонголт хоёулаа зөв болохыг “Bloomberg UK Wealth”-ийн редактор Меррин Сомерсет Уэбб бичжээ.

Алт унц нь $3000 руу

Төв банкнуудын худалдан авалт, АНУ-ын бодлогын хүүгийн бууралтаас шалтгаалж алтны үнэ ирэх онд үргэлжлэн өсөж, дээд түвшнээ шинэчилсээр байна гэж 2025 оны арилжааны төлөвлөгөөндөө алтыг гол түүхий эдээр сонгосон “Goldman Sachs” банк үзэж байна. 2025 оны 12 дугаар сар гэхэд унц нь 3000 ам.доллар хүрэх тул “Алт л ав” гэж Дан Струивен тэргүүтэй “Goldman Sachs”-ийн шинжээчид бичсэн байна.Алтны үнийг дэмжих суурь нөхцөл нь Төв банкнуудын худалдан авалт байх бол биржээр арилжаалагддаг сангуудын мөнгөний урсгал болон Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн бууралт нь мөчлөгийн шинжтэй дэмжлэг үзүүлнэ гэж тэд үзжээ.Энэ онд алтны үнэ эрчимтэй өсөж, бүх цаг үеийн дээд түвшнээ дараалан шинэчилсэн ч Дональд Трамп сонгуульд ялсныг даган ам.долларын ханш чангарснаар өсөлтөө алдаж эхэлсэн юм. Хэдий тийм боловч Дональд Трампын засаг захиргаа явцдаа алтны үнэд ээлтэй байх төлөвтэйг “Goldman Sachs” онцолжээ. Тодруулбал: АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчил урьд байгаагүй түвшинд хурцдах нь алтны спекулятив шинжтэй худалдан авалтыг сэргээж магадгүй гэж үзсэн байна. Дээр нь АНУ-ын төсвийн тогтвортой байдал асуудал болж эхэлбэл АНУ-ын Засгийн газрын томоохон бондуудаар нөөцөө бүрдүүлдэг орон орны Төв банкнууд үнэт металлыг илүүд үзэж, улмаар үнийг нь дэмжих боломжтой аж.Эцэст нь дурдахад, шинэ мянганы эхний 25 жилд хамгийн өндөр өсөлттэй байсан түгээмэл хөрөнгө оруулалтын хэрэгсэл нь алт болохыг “Deutsche Bank”-ийн судалгаа харуулж байна.

Харин “Bitcoin” яах бол?

2000 онд энэ криптовалют байгаагүй. Харин өдгөө ханш нь 90 мянган ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Мэдээж сүүлийн хэдэн жилд “Bitcoin” ямар нэг хэмжээгээр эзэмшиж байсан хүн бүр өдгөө баян болсон байгаа. Крипто зах зээлийн мэдээнээс хоцордоггүй бол та яагаад гэдгийг нь мэднэ. Дональд Трамп криптод “хайр зарлаж”, криптовалют олборлолтыг дэмжихээ амлаж, тэр байтугай “Bitcoin”-оор улсын нөөцөө бүрдүүлдэг болж магадгүй байна.Мөн тэрбээр криптод эргэлздэг зохицуулах албан тушаалтнуудыг ажлаас нь халж, криптод ээлтэй зохицуулалтын орчин бүрдүүлэхээр Конгресст шахалт үзүүлнэ гэж байгаа тул дахиад олон мэргэжлийн болон жижиг хөрөнгө оруулагчид энэ зах зээл рүү хошуурч мэднэ.Саяхан криптовалютын зах зээлийн үнэлгээ 3.1 их наяд ам.доллар буюу бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрсэн. Энэ нь зөвхөн Дональд Трампын ач биш бөгөөд криптовалют мөнгөний бодлогод нэлээн мэдрэмтгий (бодлогын хүү буурахад “Bitcoin”-ийн ханш өснө) байдгийг санах хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлс байхгүй байлаа ч крипто ерөнхий зах зээлийн хөдөлгөөнийг дагадаг. Бүгд өсөж байвал “Bitcoin”-ийн ханш ч өснө гэсэн үг.Тэгэхээр “Bitcoin” хэр хол явах бол? Үнэ цэнийг нь бодитоор тогтоох арга зам гэж байдаггүй учраас үнэндээ хэн ч мэдэх боломжгүй. Хэдий тийм боловч зах зээлийн үнэлгээ нь алтны зах зээлтэй дүйцэж, урт хугацааны хөрөнгө оруулалтын хамгийн зөв хэрэгсэл болно гэж үзэж буй хүмүүс байна.

Эх сурвалж; Bloomberg

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан