Монгол Улсын баатар Монголын Ардчилсан Холбоо Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойн өдөр буюу өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн Мэгжид Жанрайсиг бурханд мандал өргөлөө.
Энэхүү үйл ажиллагаанд МоАХ-ны үе үеийн төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Бидний зүгээс баяр талархалтай байна. Бүгдэд нь баярлалаа. Үйлс нь дэлгэрэх болтугай. Аль болох жил бүр олноороо цуглаж өнөөдрийнх шиг мандал өргөж байхыг бодоорой” гэлээ.
Харин Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Дарь.Сүхбаатар “МоАХ Мэгжид Жанрайсиг бурханыг санаачилж бүтээх үл хэрэгт гар бие оролцож байсан ард түмний хөдөлгөөн. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Цагаан сарыг албан ёсоор үндэсний баяр болгон сэргээн зарлаж, улс даяар дахин тэмдэглэж эхэлсэн. Шинийн нэгний өглөө Баасан ламаас эхлээд олон нөхөд маань тэр үед олдсон хамгийн том хадгаа бариад энд ирж мандал өргөж байв. Тэр цагаас хойш жил бүр мандал өргөж чадаагүй. Харин энэ жил тэгш ой тохиож буй учир Монголын Ардчилсан холбооны тэргүүн Х.Баттулга ихээхэн ач холбогдол өгч МоАХ-ны залуучууд, тэр дундаа Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт хүчин зүтгэл гаргаснаар бид бүхэн өнөөдөр мандал өргөлөө.
Сая ламтан бидэнд боломжтой бол жил бүр ингэж ирж байгаарай хэмээн захилаа. Жил болгон ирж мандал өргөх боломж бий. Гэхдээ ач холбогдол талаас нь харах нь зөв байх” гэлээ.
80 тохой өндөр Мэгжид Жанрайсиг шүтээнийг анх 1911-1913 онд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын “тусгаар тогтнол ”-ын билэг тэмдэг болгон нийт Монголын ард түмний сэтгэл, зүтгэлээр бүтээн туурвисан.
1937 онд энэхүү их шүтээнийг Оросын цэргүүд техникийн хүчээр буулган нурааж, улмаар хойш зөөвөрлөн авч оджээ. Туурга тусгаар Монгол Улсын бахархах нандин шүтээн, улс үндэстний билэгдэл Их Мэгжид Жанрайсиг бурханыг оросуудад алдсан нь Монголын эдийн ба оюуны соёлд учирсан асар том гамшиг байсан юм.
1990-1991 онд Гандантэгчинлэн хийд, Монголын соёлын сан тэргүүтэй байгууллага, сүсэгтэн олны санаачилгаар дахин бүтээж 1996 оны аравдугаар сарын 26-нд мэлмийг нь нээж равнай өргөх ёслол болж байсан аж. Энэ үйл явдал нь ардчилсан хувьсгалаас хойш Монголын бурхан шашны түүхэн дэх томоохон үйл явдал болсон юм.
Түүх,соёл, шашин, тусгаар тогтнол эв нэгдлийн билгэдэл Мэгжид Жанрайсиг бурхан бол Буддын шашинтай Монголчуудын гол шүтээн билээ.