ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран “Шинжлэх ухаанч гамшгийн эрсдэлийг бууруулах санаачлага” сэдэвт арга хэмжээг маргааш буюу 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр салбарын эрдэмтдийн түвшинд уулзалт хэлэлцүүлэг хийх, залуу судаач эрдэмтдийн энэ чиглэлээрх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжих, урамшуулах, нийтийн хүртээл болгох, хэрэглээнд нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэх оруулах зорилготой юм.
Энэ хүрээнд УЦУОСМХ-ийн хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэцэцэг “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, түүнийг бууруулахад анхаарах асуудал”, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ч.Одонбаатар “Монгол орны газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа”, доктор, профессор О.Үржин “Шинжлэх ухаанд суурилсан гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.