Монгол улс 2003 онд Дэлхийн биет бус өвийн конвенцид нэгдсэн бөгөөд махчин шувуугаар ан ав хийдэг түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, хамгаалах, түүний ач холбогдлыг олон нийт, хүүхэд багачуудад сурталчилах зорилгоор 2010 оны 11 сарын 16-ны өдөр бусад 10 орны хамт “Шувуулахуйн өв соёлыг” Дэлхийн биет бус өвд бүртгүүлж, түүнийхээ үүргийн дагуу энэ соёлыг хамгаалах, түмэн олонд дэлгэрүүлж, дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Иймд Олон улсын шувуулахуйн холбооноос (IAF) жил бүрийн 11 сарын 16-ны өдрийг “Олон улсын шувуулахуйн өдөр” хэмээн зарлаж өөрийн гишүүн 90 орчим орнуудад тус өдрийг тэмдэглэх болсон.
Шувуулахуйн соёл нь махчин шувуу хамгаалалд маш чухал байр суурийг эзэлдэг, ялангуяа бага насны хүүхдүүдийн боловсрол болон шувуулахуйг тогтвортой хөгжүүлэх замаар махчин шувуудыг хамгаалах боломж байдаг. Махчин шувуудыг сургаж ан авд ашиглах нь тэдний зан төрхийг таньж мэдэх боломжийг олгодог бөгөөд энэ нь шувуулахуйчдийг шувуунд хайртан нэгэн төдийгүй шувууны эмч, асран хамгаалагч болгох хэмжээнд мэдлэг, туршлагыг олгодог байна. Энэ гайхалтай өв соёлоо манай залуучууд сэргээж эхлэсэн бөгөөд цаашид зүй зохистой тээх асуудлыг Төрийн бодлогоор дэмжин ажиллах асуудал өнөөдрийг хүртэл чухал хэвээр байна.