“Монгол Ур Чадвар-2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалт өчигдөр эхэлсэн бөгөөд 30 гаруй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 75 оролцогч өрсөлдөж байна. Мэргэжил тус бүрийн эхний хоёр байрт шалгарсан оролцогчид дараагийн шатны шалгаруулалтад хамрагдаж, улмаар 1 ялагч нь “Дэлхийн ур чадвар” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох юм.
Барилгын Политехник коллежид өрөг угсрагч, сантехникч, Техник Технологийн ПК-Мужаан, Хүнс Технологийн ПК-Тогооч мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээ явагдаж байгаа бол өнөөдөр буюу 2021.10.22-ний өдөр Монгол-Германы МСҮТ- Гагнуур, Барилгын ПК-Токарь, Налайх ПК-Цахилгаанчин мэргэжлийн үнэлгээ явагдана.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, VETP,ГОУХАН ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциац, Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо, Материал судлал, гагнуурын нийгэмлэг тус тус оролцож байгаа юм.
“Дэлхийн ур чадвар” тэмцээн нь 2 жил тутамд 1 удаа зохион байгуулагддаг бөгөөд 2017 онд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан 44 дэх удаагийн тэмцээнд Монгол Улс 6 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд тусгай байр эзэлсэн.
Мөн түүнчлэн 2019 онд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан 45 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс 8 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд “Medal of Excellence” медаль хүртсэн.