Сэлбэ Дулааны станц нь Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж эхэллээ.
Азийн Хөгжлийн Банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвийн төвлөрсөн дулаан хангамжид холбосон бол Сэлбэ дэд төвийн хүрээнд 28МВт хүчин чадалтай Дулааны станц барьж ашиглалтад орууллаа.
Сэлбэ дэд төвд өнөөдрийн байдлаар 3260 өрх айл амьдарч, 117 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага-2030, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ирээдүйд бий болох 7000 гаруй айл өрх, 300 гаруй аж ахуй нэгжийн дулааны ачааллыг Сэлбэ дулааны станцаас хангахаар тооцсон. Сэлбэ дулааны станц нь дэд төвийн доторх улсын болон хувийн аж ахуй нэгж, иргэд болон дэд төвд шинээр бий болох орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, нийгмийн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангах юм.
Одоогийн байдлаар Сэлбэ дулааны станц Чингэлтэй дүүргийн 280 дугаар цэцэрлэг, 50 айлын орон сууц, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, 35 дугаар сургууль зэрэг барилгуудыг төвлөрсөн дулаанаар хангаад байна.
Сэлбэ дулааны станц нь Техник, технологийн хувьд нүүрсээр ажилладаг станцуудаас хамгийн сайн шаталтын технологитой, нүүрсийг шатаах үед ялгарах үнсийг 99 хувь барих уутан шүүлтүүртэй тул агаар орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлэх орчин үеийн дулааны станц юм гэж "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслөөс мэдээллээ.