Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никейзийг өнөөдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг авлаа.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гуравдагч хөрш Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйд баяртай буйгаа илэрхийлээд шинэ Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр Европын Холбоо болон түүний гишүүн орнууд КОВАКС хөтөлбөрийг санхүүжүүлснээр хөгжиж буй орнууд Ковид-19 цар тахлыг хохирол багатай даван туулахад үлэмж хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Элчин сайд Аксель Никейз Европын Холбооны гишүүн орнууд болон Монгол Улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны нөөц боломжийг үр дүнтэй ашиглах, хөгжлийн тусламжийн “Олон жилийн баримжаат хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.