Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг байнгын хорооны гишүүд дэмжив

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтсон билээ.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байгаатай нь холбогдуулан УИХ-ын гишүүд Д.Гангабаатараас асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Та манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбарын хүүхэд юм байна. Таныг сайн аавын хүү, энэ албан тушаалд очиход мэргэжил туршлагаараа тэнцэх хүн гэж харж байна. Хувь хүнийхээ хувьд ч дэмжиж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүхийн шинэчлэлийн хийхийг зорьж байна. Та судлаач хүнийхээ хувьд Шүүхийн тухай хуулийг юу гэж харж байна вэ. Цэцийн гишүүний хувиар цаашид юун дээр анхаарч ажиллах шаардлага байна гэж харж байна вэ.

Д.Гангабаатар: Миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт дэмждэг үзүүлэх эрдэмтдийн ажлын дэд хэсэгт орж ажиллаж байсан. Тэр хугацаанд Үндсэн хуульд орсон шүүхтэй холбоотой шинэчлэлийн заалтад саналаа өгч явж байсан. Тэдгээр саналууд маань өнөөдөр тусгалаа олоод явж байна. Шүүхийн хараат бус байдлын бэхжүүлэхтэй холбоотой заалтууд байсан.

Цэцийн гишүүнээр томилогдвол цаашид юунд анхаарч ажиллах вэ гэж байна. Цэц бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Цэц Үндсэн хуулийг хэрэгждэг хууль болгодох чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг институц. Энэ хүрээнд цэцийн гишүүд хараат бус байх нь хамгийн үндсэн шаардлага. Цэцийн гишүүд хараат бусаар ажиллаж байж Үндсэн хуулийн шүүх хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Улсын дээд шүүхээс цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа. Зөв хүмүүсээ сонгож оруулж ирж байна. Гэхдээ дараагийн удаад шүүхийн дадлага туршлагатай шүүгч нарыг оруулж ирээрэй гэж хэлмээр байна. Үндсэн хуулийн цэц судалгааны байгууллага биш, шүүхийн байгууллага шүү дээ. Тэгэхээр дээд шүүхэд олон жил ажилласан дадлага туршлагатай шүүгчдээр бэхжүүлэх нь чухал байна.

Ийнхүү Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Байнгын хорооны дэмжсэн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлана.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан