Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журмыг шинэчлэн баталсан.
2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эрэгтэй хүн буюу эцэг дээрх тэтгэмжийг авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж үзэхээр байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд заасан.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч, 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулсан бөгөөд 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.
Журам батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгоход тавигдах шалгуур, нөхцөлийг тодорхой болголоо.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар