Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.
-Өнгөрч буй 2020 онд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өнгөрөв. Сургамж авах ямар нөхцөл байдал үүссэн бэ?
-2020 онд Монгол улс өмнө нь байгаагүй хэмжээний сорилтуудтай тулгарсан. Оны эхэнд буюу 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр хилээ хааснаар корона цар тахлыг дотооддоо алдаагүй ч эдийн засагт шууд нөлөөлж эхэлсэн. Эхний улиралд л – 10.7%, хоёр дахь улирал – 9.7%, гурав дахь -7.3%. 2020 оны жилийн эцсийн тоонууд гараагүй. Гэхдээ хасах гарна гэдэг нь тодорхой. Энэ нь эдийн засаг агшсан гэсэн үг. Коронаг 2020 оны арваннэгдүгээр сард дотооддоо алдсантай холбоотой хөл хорио тогтоож эхэлсэн нь бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн амьдралд шууд нөлөөлсөн. Хүмүүсийн худалдан авалт багассан. Монгол улс эдийн засгийн хямралд ямарч бэлтгэлгүй орсон. Эдийн засаг сайн байхад хуримтлал үүсгэх хэрэгтэй байсан ч жил бүр төсвөө тэлж, алдагдалтай баталснаар өнөөдрийн хямралд ямарч бэлтгэлгүй орлоо. Түүнчлэн олон жил эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулаагүйн үр дүн өнөөдөр илэрлээ. Сүүлийн жилүүдэд олигтой эмнэлэг нэмж бариагүй, байгаа эмнэлгүүдийнхээ засвар үйлчилгээг хийгээгүй гээд тоочвол олон. Энгийн жишээ л гэхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (Эх нялхас эрүүл мэндийн төв гэж бас нэрлэж хэвшсэн) шүү дээ. Барилга нь маш хуучирсан, элдэв гэмтэл гарч хагалгаа ч хийж чадахгүй хойшлуулж засвар хийдэг нь хэвийн болсон. Тэр чигээр нь капитал засварт оруулья гэхээр нярай хүүхдийн эрүүл мэндээр мэргэшсэн эмнэлэг байхгүй. Шинэ эмнэлэг барьж байж л хийх боломжтой. Үнэхээр эмгэнэлтэй.
-Цар тахалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эдийн засгийн хувьд оновчтой арга, шийдэл мөн үү?
-Өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь ААН бизнесийг үйл ажиллагааг тогтвортой дэмжсэн бодлого болж чадаагүй. Иймээс ихэнх ААН-үүдийн орлого буурсан, олон хүн ажилгүй болсон. Хүмүүс ч нилээд бухимдсан. Шинэ Засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөө гэж гаргалаа. Энэхүү төлөвлөгөөгөө цагаан сарын өмнө танилцуулсан. Ерөнхийд нь хэлэхэд уг төлөвлөгөөнд хөнгөлөлттэй зээл, орон сууцжуулах төлөвлөгөө, ипотекийн зээл зэрэг олон асуудал багтсан байна билээ. Ер нь хэрэгжүүлэх шатандаа нилээд асуудлууд дагуулдаг тул дүрэм журам нь тодорхой болвол илүү дүгнэлт хийх боломжтой.
-Саяхан НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлж 26 хувь болголоо. Энэ нэмэгдэл 2021 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжлээ. Энэ нэмэгдэлд та ямар байр суурьтай байна вэ?
-2017 оны хуулиар үе шаттай нэмэхээр батлагдсан. ОУВС-ийн хөтөлбөрийн тулгалтаар энэ хуулийг баталсан. Гэхдээ өнөөдөр 2017 онд төсөөлж байснаас өөр нөхцөл буюу цар тахал тарчихсан, ААН цалингаа яаж тавих уу, ажилчдаа аль болох авч үлдэх гэж хичээж байхад дарамт үүсгэх нь тодорхой. Урьдчилж хараад 2020 оны эцсээр уг хуулийг өөрчилж болох байлаа. ОУВС-д ч тайлбарлахад ойлгох байсан. НДШ-ийг нэмсэн нь ААН-д нэмэлт дарамт болж ажлын байр үүсгэхгүй. Эсвэл бүр албан бус хэлбэрт шилжинэ гэж бодож байна.
-2020 онд хоёр ч сонгууль боллоо. 2021 оны төсвийг мөн л сонгуульд зориулсан үрэлгэн төсөв баталлаа гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна. Таны бодлоор?
-2021 оны төсвийг хэт өөдрөг хуучин аргаараа төсөвлөсөн. Төсөвт тодотгол хийж орлого, зарлагаа бодитоор төсөөлж тооцоолох хэрэгтэй. Төсвийн зарлагыг санхүүгийн эх үүсвэрээс нь хэт давсан төсөвлөхийн тулд төсвийн орлогыг хэт өөдрөг тооцдог. Цар тахалтай холбоотой эдийн засаг агшсан нөхцөл байдалд бид өөрөөр сэтгэж, баримталж ирсэн төлөвлөлт менежментээ эрс өөрчилж шинэчлэх хэрэгтэй. Монгол улс 2020-2021 онд 5.7 тэрбум ам.долларын гадаад өр барагдуулна. Тийм учир төсвийн төлөвлөлт, өрийн менежментийг сайжруулснаар эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдал бий болгоно. Мөн эдийн засагт ямарч үр өгөөжгүй төсвийн хөрөнгө оруулалтуудыг танах хэрэгтэй.
-Цар тахалтай холбогдуулан Монгол улсын эдийн засаг хүнд байдалд орчихлоо. Эдийн засагт ямар бодлого баримтлах нь бидний хувьд илүү өгөөжтэй вэ?
-Аль болох бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй л гэж бодож байна. Том жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж чадахгүй хирнээ ядахдаа саад болохгүй, үйл ажиллагааг нь хэвийн явуулах хэрэгтэй. Хилээр барааны тээврийг аль болох чөлөөтэй нэвтрүүлэх хэрэгтэй. Гэнэтийн шийдвэр гаргаад хилээ хаагаад байхаар бизнесийн нэмэлт зардлууд гараад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж, дотоод зах зээл дээр хомсдол үүсгэж байна. Монголд үйлдвэрлэл явуулж байгаа ганц ч ААН түүхий эдээ бүрэн дотоодоосоо хангах боломжгүй, гаднаас их, бага хэмжээгээр авдаг.
Цахимаар цаг авч үйлчлүүлдэг соёл нэвтрүүлэх хэрэгтэй. Цагтаа л очиж худалдан авалт хийдэг болвол хүмүүсийн бөөгнөрөл үүсэхгүй. Ингэснээр хүмүүс худалдан авалтаа хүртэл төлөвлөдөг болно.
Үндэсний үйлдвэрт хамгийн том саад учруулдаг зүйл нь дэд бүтцийн асуудал. Дэд бүтэц дотроо эрчим хүчинд холбогдох. Үүнийг Дэлхийн банкны Бизнес эрхлэхүй буюу Doing business судалгаа олон жил харуулсан. Бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн хүндрэлтэй буюу тааруу үзүүлэлт нь эрчим хүчинд холбогдох.Үүнийг цэгцэлж нэг тийш нь болгох хэрэгтэй. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулвал бүр их урамшуулж татвараас чөлөөлж дэмжих шаардлагатай. Нийгмийн халамж, хамгааллын бодлогыг үр ашигтай болгож зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэх хэрэгтэй. Ер нь тэгээд хийх юм олон. Гагцхүү эхлэх л хэрэгтэй гэж харж байна.
-Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны төвөөс гаргасан сүүлийн үеийн судалгаанаас мэдээлэл өгнө үү?
-Жил болгон гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын тайланг олон нийтэд хүртээхээр ажиллаж байна. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны Эмэгтэй бизнес эрхлэгчдийн судалгаа хийж байна.