Монгол Улсын Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна.
Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд төрийн үйлчилгээг хүргэх юм.
2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөг болно.
Энэ үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм.
Энэ өдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, гаалийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар ирсэн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд "Гаалийн цахим системд нэвтрэх эрх” нээж өгөх, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулах зэрэг төрийн үйлчилгээ үзүүлнэ.
Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна.
Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.