Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.ТҮВШИНБАЯР: Онгирч байсангүй, бахархаж бол үзсэн шүү

K2008 оны Бээжингийн олимпод монголчууд анхны олимпын аваргаа өлгийдөн авсэн тэр үеэс л битүүхэндээ Н.Түвшинбаяртай ярилцлага хийх юмсан гэж боддог байлаа. Тухайн үед дөнгөж  л сэтгүүлчийн хоёрдугаар курсийн оюутан надад ёстой л “харахын заяа байхаас хазахын тавилан” байсангүй.  Хэдийгээр сургуулиа төгсч анх удаа Монголд зохион байгуулагдсан “Чингис хаан” олон улсын тэмцээнийг сурвалжилж,  түүнтэй ярилцах боломж олдсон ч ашиглаж чадаагүй. Аваргыг энэ тэмцээнд түрүүлэхэд сэтгэгдлийг нь сонсчихоод л яваад өгч билээ. Тэрхэн үед олимпын аварга гэдэг үг миний айдсыг түрүүлдэг байсан биз. Тэгвэл энэ удаад миний мөрөөдөл биеллээ. Түүнтэй ярилцаж суухад өмнө нь олдсон боломжоо  алдсандаа харамссан шүү.  Учир нь, аварга маань их найрсаг, чин сэтгэлээсээ хүнийг сонсч ярилцаж чаддаг юм билээ. Түүнтэй ярилцсанаа уншигчдадаа сонирхуулж байна.



Ш.Эрдэнэ-Очир багшийн хэдхэн үг амьдралыг минь өөрчилсөн

-Тун удахгүй зуны 30 дугаар буюу Лондонгийн олимп болно. Аварга маань аль хэдийнэ олимпын эрхийн болзлоо хангасан байгаа. Баяр хүргэе?
-Баярлалаа.

-Олимп болоход 50 гаруй хоног үлджээ. Таны бэлтгэл сургуулилт хэр байна вэ?
-Бээжингийн олимпоос хойш дөрвөн жилийн хугацаанд хийсэн бэлтгэл сургуулилт, арга туршлагаа Лондонгийн  олимпод л харуулахыг зорьж байна. Мөн өнгөрсөн хугацаанд чамгүй олон үйл явдалтай учирлаа. Бэлтгэл сургуулилтын хувьд ерөнхийдөө жигдхэн, сайн байгаа. 

-Олимп дөхсөн энэ цаг үед  спортод хайртай хүн бүр л цагийн зөрүү гээч том даваанаас эмээж байна. Бээжингийн олимпоос эрс ялгаатай шүү?
-Хүн хүний онцлог гэж байдаг л байх. Миний хувьд дасан зохицох чадвар өндөр. Гэхдээ Бээжингээс эрс ялгаатай нь үнэн. Наана нь тэнд очиж бэлтгэл сургуулилт хийх байх аа. Монголын жүдо бөхийн холбоо болоод удирдах байгууллагууд анхаарч ажиллах байлгүй дээ.
 
-Өрсөлдөгч хүчтэнүүдээ хэр судалж байна вэ?
-Өмнөх олимпод нэлээн залуухан орж байлаа. Түүнийгээ бодвол илүү олон тэмцээн, уралдаанд орж туршлагажсан гэж ойлгож болно. Энэ тал дээр жүдо бөхийн холбоо сайн ажилласны хүчинд олон ч тэмцээн уралдааныг алгасахгүй оролцлоо. Тиймээс бүх жингийн тамирчинтай барилдаад үзсэн байна. Дэлхийн жүдо бөхийн холбоо тэмцээн уралдааны оноогоор эхний дөрвөн байрт бичигдсэн жүдочдыг зоогоо толгойлуулдаг. Энэ дагуу хэнтэй барилдах вэ гэдгээ ч сайн судалсан.

-Хүмүүс аваргын сүүлийн олимп гэх юм?
-Тийм  бодол байгаа. Спорт гэдэг өөрөө залуу нас шаарддаг. Тэр үүднээс л сүүлийн олимп гээд зорилго тавьж бэлтгэл сургуулилтаа базааж  байна.

-Танд олимпын медалиа хос болгох боломж байгаа?
-Итгэж байна уу /Инээв/

-Тийм ээ, спорт сонирхогч Монголын мянга мянган иргэн миний  адилаар бодож, залбирч байгаа байх?
-Тэмцээн уралдаан гэдэг наана нь ам гараад оролцдог зүйл биш шүү дээ. Мөн нөгөө талаараа тэр өдрийн тэнгэр мэдэг гээд хаячихаж болохгүй. Сайн барилдаж, Монголоороо овоглохыг хүсэхгүй тамирчин гэж үгүй. Ямартай ч амжилттай оролцохын тулд хичээх болно.

-Таны амьдралыг анхны багш  Ш.Эрдэнэ-Очирын  тань хэдхэн үг өөрчилсөн гэх яриаг сонсч байсан. Энэ талаар ярьж өгөөч?
-Долдугаар ангид байхдаа Булган аймгийн Сайхан сумаас аймгийн төвд ирж байлаа. Тэнд спортын гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль байсан юм. Одоо хэр нь бий. Би эхэндээ бэлтгэл сургуулилт хийж байгаа хүүхдүүдийг очиж хардаг байлаа. Тиймдээ ч хичээллээд үзэх  юмсан гэсэн бодол байсан. Тэгээд нэг өдөр хичээлээ тараад бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийн заал руу шагайтал Эрдэнэ-Очир багш маань “Яах гэж байгаа хүүхэд вэ” гэсэн. Би бэлтгэл хийе гэтэл “Ороод ир” гэдэг хэдхэн үг л хэлж билээ. Энэ нь миний амьдралыг өөрчилсөн хэдхэн үг байж хэмээн бодогддог юм.  Спортод хөл тавьсан үе минь товчондоо нэг иймэрхүү. /Инээв/

-Анхны медалиа сумандаа болсон Намхай аваргын нэрэмжит тэмцээнд түрүүлээд хүртэж  байсан гэдэг. Тэр үед ямар шагнал өгдөг байв?
-Шагнал гэхээсээ илүүтэй манай нагац ах, цэргийн арслан Сандагбазар маань “Аав, ээжийнхээ хийж өгсөн зодог шуудгийг сайхан мялаалаа миний дүү” гэдэг үг энэ спортоор хичээллэхэд илүү их дэм, урам өгч байлаа. Ингээд 10 дугаар анги төгсөх жил хүртлээ тодорхой хэмжээний амжилт гаргаад эхэлчихсэн байв. Бүр хоёр, гурван ч Биеийн  тамирын дээд сургуулийн урилга ирсэн болохоор хотод орж ирсэн.

-Ингэж л Булган нутгийн хүү хотод орж ирж ээ дээ?
-Тийм ээ. Гэхдээ 10 жилийн сурагч байхдаа өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан. Түүний дараа хотод ирж “Аварга” биеийн тамирын дээд сургуульд суралцаж улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 2006 онд улсын шигшээ багт харьяалагдаж эхэлсэн.

Олимпын эрх хүртэх их хувь заяа

-Бээжингийн олимпын эрх хэрхэн хүртсэн талаархи дур­самжаасаа хуваалцахгүй юу?
-2004 оны намар БНХАУ-ын Чиндаогийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Түүний дараа  2005  оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнжиж  2006 онд  нь орж ялагдсан. Тэр үед Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр олимпын эрх өгч байсан. 2006 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Очирбат ахад дийлдээд  Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахааргүй болсон. Гэсэн ч Насаа багш +100 –д оролцох тамирчин алга чи явна шүү гэсэн. Ингээд ААШТ-д оролцож шагналт тавдугаар байрт шалгарсан. Харин  Очироо ахын хувьд долдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн. Түүний дараа 2007 онд улсын аварга шалгаруулах  тэмцээнд амжилттай оролцож, цаашлаад Европын цуврал тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.  Тэр тэмцээний медаль маань ардаа багахан хэмжээний цол гуншин дагуулсан даа.

-Парисын “Их дуулга”-аас медаль хүртсэн анхны монгол тамирчин гээд л үү?
-Тийм ээ. Түүний дараа Европын Гран при тэмцээнээс хүрэл  медаль хүртэж дэлхийн томчуудтай нэлээн гайгүй үзэж эхэлсэн. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд ч амжилттай оролцож   олимпын жилд  дахин Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л амжилт гаргасан. Ингэж л Бээжинг зорих эрхтэй болсон юм.

-Олимпод оролцох  оноогоо цуглуулчихсан  хэрнээ тамирчдын  нэрсийг зарлах тэр мөчийг хүлээх ямар байв?
-Тэр үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний таван байрт шалгарсан тамирчид шууд эрхээ хүртэж байсан. Харин Азиас таван орны тамирчинд амжилтыг нь үндэслэж эрх олгосон юм.  Олимпын өмнөх Азийн аварга шалгаруулах тэмцээнд би хүрэл медаль хүртсэн. Тиймээс би цуглуулсан оноо, амжилтаараа таван орны тамирчнаас тавд орж олимпод орж байлаа.

-Олимпын эрхээ хүртсэний дараа өөртөө ямар зорилго тавьсан бэ?
-Үнэхээр их хувь заяа гэж ойлгож байсан. Нэг талаараа асар их хариуцлага ирсэн. Улс эх орноо төлөөлж оролцож байгаа учир өөртөө хатуу шаардлага тавьж бэлтгэл сургуулилтдаа ч орсон. Ингээд л хүсч, хүлээж байсан Бээжингийн олимпод оролцсон доо.

-Та олимпын аварга болсон тэр үеийн сайхан дурсамжаа залхталаа ярьсан байх. Гэхдээ би өөрөөс тань сонсмоор байна?
-Хоёулаа ярилцлага эхлэхэд дэлгэрэнгүй ярина гэснээрээ л явж байна аа. /Инээв/

-Тийм ээ. Тэр өдрийн сайхан дурсамжийг хуваалцахгүй өнгөрч чадахгүй нь. Дараа нь ахиад л харамсана шүү дээ?
-/Инээв/ Нэгдүгээрт сэтгэл зүй  их өндөр байсан. Олимпын нээлтийн маргаашаас жүдо бөхийн тэмцээн эхэлсэн. Миний хувьд Монголын жүдочдоос хамгийн сүүлд барилдсан. Сугалаа татсаны дараа Цагаанаа “Чи ч сайхан  таарч дээ” гээд л инээгээд ороод ирсэн.  Би ч  гайгүй гэж бодохгүй хүндхэн сугалаа таарсныг мэдсэн л дээ. Тэгсэн эхний барилдаанд  олимпын алтан медальт, дэлхийн аварга Сүзүкитэй таарсан. Барилдааныг нь судалсан болохоор надад илүү амар санагдсан. Тэгээд л тэмцээн эхэлж давхар хамаад,  далаар нь буулгачихсан.



-Дараагийн учраа Бенжамин Берла хэмээх залуучуудын дэлхийн аваргын медальтай бөх таарсан. Тэр үед телевиз үзээд сууж байхад үндэсний телевизийн хөтлөгч Баярсайхан ах Түвшээгээс нэлээн бэргэчихлээ гэж байсан?
-Олимп, дэлхийн аваргыг өвдөг сөхрүүлсэн болохоор тийм зүйл гарсан байх. Ялалт ч авч чадсан. Түүний дараа БНСУ-ын бөх Жан Сүн Хог ялж, хэсгийн тэргүүн байрын төлөө Азербайжаны Мовлед Мириаливтай барилдсан.

-Азербайжаны бөхтэй нэлээн удаан барилдсан санагдаж байна?
-Ер нь, олимпын тоглолтын барилдаан бүр үнэтэй байсан. Үндсэн таван минут өнгөрч цаг сунгасан. Үнэхээр бяртай бөх. Бид ч цуцталаа барилдаж тэр намайг даралтад оруулах дөхөөд алдахад нь над шиг л цуцсан байгааг нь мэдсэн. Тэгээд л өмсөөд зүтгэчихсэн. Шүүгч юүко үнэлгээ зааснаар түрүүлсэн. Тэр үед нуруун дээрээс нэг их том ачаа аваад хаячих шиг санагдаж билээ. Энэ барилдааны өмнө жаахан унтчихсан байсан. Сэтгэл санаа ч нэлээн тайван  байсан нь нөлөөлсөн байх. Харин аваргын төлөө Казахстаны Асхат Житкеевийг вазари, кока үнэлгээгээр буулгаж авсан. Тухайн үед өөртөө ч нэг л итгэж өгөхгүй байлаа. Энэ тэмцээнд Тулга захирал намайг их хурцалж байсан. Одоо ч гэсэн их баярлаж явдаг. Аваргын төлөө барилдах эрхээ авчихаад ороод ирэхэд манай хэдээс нэг нь ч баяр хүргэдэггүй. Гайхаад байсан Тулга ах маань сэтгэл санаа нь тогтворгүй болчихно  цаадахдаа битгий баяр хүргээрэй хэмээн  захьсан юм билээ. Тэгээд л нөгөө хэд нь жүжиглэж байсан нь тэр./Инээв/

-Бээжингийн тэнгэрт төрийн дуулал эгшиглэх үед юу бодож байсан бэ?
-Аваргын төлөөх барилдаандаа ялчихаад өөрийн эрхгүй уйлчихсан. Дараа нь Баттулга захирал надад медаль гардуулсан нь бүр ч их хувь тохиол болсон. Намайг үнсээд л уйлж байлаа. Спортод сэтгэлтэй, тамирчдынхаа төлөө гэх сэтгэлийнх нь илрэл байх даа. 

-УИХ-ын гишүүн Х.Баттулга маань тэмцээний өмнө нэг их сайхан хурцалсан хэдэн үгийг хэлээд гарсан гэсэн. Тэгэхэд юу гэж хэлсэн бэ?
-Аан. “За Түвшээ минь өөртөө итгэлтэй сайхан барилдана шүү. Тавхан даваад л олимпын аварга боллоо. Цагаар бол 25 минут шүү дээ. Парисын супер цомд чи тив, дэлхийн аваргуудыг яаж буулгаж авлаа. Энд ч гэсэн ялгаагүй. Ганц л юм хэлье. Чиний жинд чамаас илүү тамирчин алга. Эх орныхоо нэрийг бодсон ч чи амжилт үзүүлж чадна”  гэсэн юм. Энэ ч надад  их урам хайрласан.

-Бас халаасны өрөөнөөсөө салж, амьдралд чинь ч өөрчлөлт гарна гэж хэлсэн байсан?
-/Инээв/ Тийм ээ. За Бээжингийн олимпын талаар яриад ерөнхийдөө дууслаа.  Сэтгэл чинь амарсан уу.

-Амарлаа. Ярилцлагаа эргээд Лондонгийн олимпод хандуулъя. Монголдоо таны жинд өрсөлдөгч олширч байна. Тэдний нэг нь Б.Тэмүүлэн?
-Өөрийн оронд өрсөлдөөн байх нь тамирчин бидэнд л хэрэгтэй. Манай Тэмүүлэн өсөх ирээдүйтэй сайн тамирчин. Олимпын оноо нь ч надтай их ойролцоо явж байгаа. Бие биенийгээ хурцлахаар илүү их амжилт гардаг нь үнэн. Манай Тэмүүлэн 2016 оны олимпод найдвартай амжилт үзүүлж чадна. Заримдаа боддог юм. Улсдаа жингийн өрсөлдөөн хурц байдаггүй  бол тив, дэлхийд ч амжилт үзүүлэх нь ховор байх.

Би чадсан, гэхдээ анхны олимпын аварга гэж онгирч үзсэнгүй

-Багадаа их сайхан зурдаг хүүхэд байсан гэж сонссон. Одоо зурж байна уу?
-Жаахан байхдаа зурдаг л байлаа. Одоо бол төсөөрчихсөн байна билээ. Эсрэгээрээ фото зураг сонирхдог болсон. /Инээв/

-Таныг айлын бага,  их сахилгагүй жаал байсан гэж сонссон. Бас эрх?
-/Инээв/1991 онд сургуульд анх орж байлаа. Сургуульд сурна гэхээр бөөн баяр. Гэртээ түлээний модоор малын хашаа хийж тоглоно. Хажууд нь гэр хийгээд л. Тэр үед гэртээ ажил хийхгүй болохоор ээж “Наад хэдийг чинь шатаачихна шүү” гээд л загнана. Түүнийгээ түлүүлэхгүйн тулд урд өдөр нь нураагаад уутанд хийгээд бүгдийг нь нүхэнд булчихаад сургуульдаа явдаг байж билээ. Хичээл дээрээ нөгөөдөхөө бодоод салахгүй. Ээж  модыг минь түлчихсэн байвал яана аа гээд л. Тэгсэн  ээж минь  гэрийн хажууд гаргаад тавьчихдаг байсан даа. /Инээв/ Ийм маягийн л сахилгагүй хүүхэд байсан. Тэрнээс муу хүүхэд бол байгаагүй шүү. Сургуульд анх ороход аав минь 40 км зайд явж сумын төв орж хүргэж өгдөг байсан. Олон хүүхдийн дунд ч байж үзээгүй жаал орж байлаа.

-Айлын бага гэсэн. Дээрээ хэдэн ах, эгчтэй юм бэ?
-Долоон хүүхдийн бага нь  шүү дээ.

-Та тамирчин,  цаашлаад олимпын аварга болсноор амьдралд тань ямар өөрчлөлт гарсан бэ?
-Маш том өөрчлөлт гарсан. Ахуйн байдлаар ч тэр. Мөн тамирчин хүнийхээ хувьд хэрхэн хөдөлмөрлөж хичээвэл түүний ард ямар сайхан зүйл хүлээж байдгийг мэдэрсэн. Асар их нэр хүнд. Мөн нөгөө талаараа илүү их хариуцлагыг мэдэрч байгаа.

-Та энэ их нэр хүндийн дараа биеэ тоож үзсэн үү. Магадгүй санаандгүй байдлаар ч юм уу?
-Үгүй ээ. Өөрийгөө хянахгүй байсан ч, надаас тийм үйлдэл гарахгүй.  Би чадсан, анхны олимпын аварга гэж онгирч үзсэнгүй. Аль болох хүнд тус хүргэхсэн гэж боддог. Миний туслалцаа хэрэгтэй хүнд аль болох туслахыг л боддог. Хүн аав, ээжийнхээ хэрхэн хүмүүжүүлсэн, түүнийхээ дагуу л явдаг юм байна.

-Ард түмнийхээ итгэлийг дааж амьдрах гэдгийг та хэрхэн ойлгодог вэ?
-Маш хариуцлагатай байх хэрэгтэй. Жүдогийн зааланд бэлтгэл хийгээд жин хасахаас хүнд асуудал гэж ойлгодог шүү. Миний амьдралын нэгэн мөрдлөг болчихсон гэж хэлж болно.

-Аварга маань барилдахын хажуугаар зураг авах хоббитой гэж байгаа. Өөр ямар нэгэн сонирхол байна уу?
-/Инээв/ Айлын бага байсан болоод ч тэрүү, цагийг тун зугаатай өнгөрүүлэх дуртай. Найз нөхөдтэйгөө сайхан ярилцаад инээлдээд суух сайхан шүү.

-Тэмцээнд таныг ямар зүйл их хурцалдаг вэ?
-Олон талын л нөлөөлөл байгаа . Жүдо бөхийн холбоо, тамирчид дасгалжуулагчид бүгд нөлөөлнө. Мөн гэр бүлийнхэн маань их тусалж хурцалдаг. Гэр бүлийн тухтай орчин ч их нөлөөлдөг юм.

Би аз жаргалтай амьдарч байна

-Одоо ШУТИС-ийн ца­хил­гаан автомажуулалт, эр­чим хүчний ангид сур­даг. Таны бас нэгэн далд авьяа­сын тухай сонсч байсан юм байна. Техник  талдаа нэлээн авьяатай, ус буцалгагч, будаа агшаагчийг маш түргэн засчихдаг гээд л... ?
-/Инээв/ Жижиг сажиг зүйлийг засна аа. Харсан техникийнхээ учрыг гаргах их дуртай. Хүүхэд байхын л тийм байсан. Нэг дурсамж санаанд орчихлоо. Манай найз улсын начин Энхбаттайгаа оюутан байхдаа хажуу өрөө түрээслэдэг байлаа. Гэтэл ус буцалгагч эвдэрчихдэг юм байна. Тэгэхээр нь би “Наадахаа аваад ир би янзлаад үзье” гэсэн. Гэтэл Энхбат маань “Чи яг засч харагдаач, бүр эвдэлчихэв дээ” гэж билээ. Тэгээд л үзээд алдсан. Шууд холбоод л засчихаж байгаа юм чинь. /Инээв/ Бас нэгэн түүх бий. “Авзага” трейдын Мэндбаяр ах тухайн үед бид хоёрыг 60 мянган төгрөгөөр цалинжуулж, 10 дугаар хороололд нэг байранд амьдруулдаг байсан юм. Тухайн үед цүнхтэй хувцсаа чирсэн хоёр л орж байлаа. Гэтэл үүдний нэг жижүүр ахын  зурагтыг гуйж үзнэ. Тэгсэн нэг өдөр асахаа байчихлаа гээд ороод ирсэн. Цай асгачихсан юм байх. Тэр үед нь хойд талыг нь ухаж, энэ шатаагүй байна. Тэр нь ч ингэсэн байна гэж худлаа мэдэмхийрч билээ. Нойтон хэсгийг нь арчаад байж байтал дуу нь ороод ирсэн. Тэгэхээр нь сая дууны лампыг нь янзалчихлаа. Та бүгдийг нь засаад өгвөл хэд хоног зурагтаа үзүүлэх юм гэхэд, 14 хоног үз гэдэг юм байна. Тэгэхээр нь зурагтыг нь хатааж байгаад янзалчихлаа гээд л хэд хоног зурагт үзэж билээ. Тэгсэн өнөөх ах чинь хэд хоногийн дараа эвдэрчихсэн хөгжим аваад ороод ирдэг юм. Үзсэн яг л эвдэрчихсэн байсан. Тэгэхээр нь энд үнэтэй сэлбэг хэрэгтэй гэж амыг нь таглаад гаргаж билээ. Үүнээс эхлээд хөгжилтэй түүх их бий. /Инээв/
-Та өөрөөрөө  бахархаж, магадгүй амжилтаараа онгирч үзсэн үү?
-Онгирч үзсэнгүй. Бахархаж бол үзсэн шүү.
-Амьдралдаа сэтгэл хангалуун сайхан амьдарч чадаж байгаа юу?
-Мэдээж, үнэхээр сайхан амьдарч байгаа. Хоёр сайхан хүүхэдтэй болчихлоо. Аз жаргалтай сайхан байна.
-Тамирчид маань илүү их амжилт гаргаад ирэхээр ахуй амьдрал нь хүртэл дагаад дээшилдэг. Түүнийгээ дагаад багахан хэмжээний бизнес эрхэлдэг. Танд байдаг уу?
-Байхгүй ээ. Одоогоор тийм зүйлд орчихвол спортдоо  анхаарал тавьж чадахгүй шүү дээ. Харин эхнэр маань жижигхэн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа.
-Нээрээ эхнэртэйгээ хэрхэн танилцаж гэр бүл болсон юм бэ?
-2007 онд олимпын өмнөхөн танилцсан. Урьд нь найз нөхөд байж байгаад, суух хэмжээнд хүрсэн. Гэр бүлээ зохиогоод, спортдоо ч амжилт гаргаад сайхан байсан.
-Бөхчүүд удам залгана гэж ярьдаг. Таны ээж, аав хоёулаа бөхийн удамтай. Хүүгээ бөх болгох уу?
-Өөрөө хүсвэл болно биз. Би мөн өөрийн гарын шавьтай болно гэж боддог.
-Бөхчүүдтэй хэнтэй нь илүү найз вэ?
-Намайг үндэсний бөхөөр хичээллэдэг гэдгийг хүмүүс мэдэх байх. Нутгийнхаа бөхчүүдтэй сайн найз. Мөн Улсын заан Өсөхбаяр, Энхбаттайгаа өвөр түрийндээ орж өссөн найзууд.
-Аваргыг нэлээн шүтлэгтэй гэж сонсч байсан?
-Тийм ээ.

Ж.Цэцэгмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан