Н.УУГАНБАЯР
Ардчилсан хувьсгал, ардчиллын түүх. Өнөөдөр энэ бүхний гэрч болж, энэ түүхийн тухай үнэнийг өгүүлж чадах хүн цөөнгүй. Гэхдээ яг гардан хийж гүйцэтгэсэн нь гэвэл цөөн. Тэдний нэг бол “түргэний Батсүх”. Ц.Батсүхийн “Ардчилал” гэсэн тууз толгойдоо зүүгээд, өнөөдрийн Ерөнхийлөгчийн толгойд уяж буй түүний зураг ардчиллын түүхийн архивт хадгалагдан үлджээ.
-Энэ зураг Ардчилсан хувьсгалын түүх өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн бүрт нэлээд дээгүүр харагдаж байдаг шүү. Гэхдээ таныг хэлээгүй бол Ц.Батсүх гэж хүн энэ зургийн эзэн гэж би л хувьдаа мэдэхгүй өнгөрөх нь?
-Манай салбар зөвлө¬лийн¬хөн л ийм туузаар ижилссэн юм. Пикетийн үеэр Даваажав гэдэг зурагчин авсан зураг. 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд гэсэн үг. Элбэгээ Ерөнхийлөгч “Батсүх ээ надад нэгийг зүүгээд өгөөч” гэхээр нь нэг жолоочийнхоо толгойд байсныг аваад зүүж өгч байсан агшин. Залуу насыг минь, бидний тэмцлийг хадгалж үлдсэн нандин зураг шүү.
-Манай салбар зөвлөл гэхээр...
-Түргэнийхэн. Нойль гурвынхан гэсэн үг.
-Нойль гурвынхан маань цаг наргүй ажлынхаа хажуугаар Ардчилсан хувьсгалд анхнаас нь зүтгэсэн байх нь ээ. Яг хэдний цуглаанаас нь ийн оролцсон юм бэ?
-Тухайн үед би түргэн тусламжийн авто баазад жолооч хийдэг байсан. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд залуучуудын соёлын төвийн үүдэнд цуглаан болж байгааг ажил тарж явахдаа бидний хэдэн жолооч харсан юм. Тэгээд хэд хоногийн дараа машинаа гараашдаа тавьчихаад бид жаахан сууж ярилцлаа. Манай жолооч Энхтайван маань нөгөө цуглааны тухай яриа өдөн “Ийм нэг юм болж байна. Маргааш нэг цуглаан болно гэнэ. Хэдүүлээ очиж сонирхох уу” гэсэн. Бид хэд цуглааныг очиж холоос харж зогссон юм. Цуглааны дараа манай Сахал Болд гэдэг жолооч биднийг уриалдаг юм байна.
-МоАХ-ны анхдагчуудын нэг, та нарын СаБо гэж дууддаг?
-Мөн мөн. Манай МоАХ-ны аж ахуйг нэг үе хариуцаж байсан даа. “Би тэр нөхдүүдтэй уулзсан. МУИС-ийн хоёрдугаар байранд хүрээд ир гэсэн” гэлээ. Нөгөөхийгөө дагаад яваад очлоо. Хоёр давхарт нь Зоригийн өрөөнд орлоо. Цагаандарийн Энхтүвшин цайвар өнгийн пельниктэй сууж байна. “Бид та бүхэнтэй зорилго сэтгэл нэг байна. Хамтраад зүтгэе. Хэрхэн энэ үйл хэрэгт оролцох билээ” гэлээ.
-Өөрөөр хэлбэл ардчилсан хувьсгалд гар бие оролцох сэтгэлийн бэлтгэлтэй байсан хэрэг үү?
-Бидний 1960-аад оныхон нийгмийнхээ болохгүй бүтэхгүй зүйлийг их шүүн тунгаан ярилцдаг байсан юм. Ном их уншдаг, мэдээллийг сонин сэтгүүлээс байнга авдаг байсантай холбоотой байх. Нөгөө талд нь тухайн үед гадаадад бэлтгэгдэж байсан ажилчид болоод сэхээтнүүдийн соёлт нийгмийн тухайх яриа их сонирхол татдаг байлаа. Миний хувьд 1980-аад оны эхэн үед Польшид “Солидарность” хөдөлгөөний гишүүд дэмжигчдийн эсрэг болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх мэдээллийг их уншдаг, энэ тухай мэдээлэл хайдаг,олж сонсохыг хичээж байсан. Энэ бүхэн миний ухамсарт нөлөөлсөн байсан учраас үйл явдлыг маш түргэн хүлээж авсан.
-Анх ямар үүрэг хүлээж байснаа дурсвал... Жишээ нь таны анхны даалгавар юу байв?
-1990 оны нэгдүгээр сарын цуглаанд бэлтгэн “түмэнд сонордуулах бичиг” гэдэг хуудас наах. Би түргэний машин барьдаг болохоор шөнө явж, энэхүү хуудсаа наахаар болсон юм. Модон толгой Ганзориг, Сахал Төмөрбаатар, Төмөр-Очир нарын залуус түмэнд сонор¬дуулах бичгээ түргэний машинтай яваад хотоор нэг наасан. Хүмүүс олноор явдаг автобусны буудал, кино театр, гол гол замуудаар наалаа. Амгалан Улиастай хүртэл бүх л шонгийн мод, самбарт наасан. Түргэний машинаар явсан учраас цагдаа зогсоохгүй, аюул бага.
-Ямар агуулгатай бичиг байсан бэ. Одоо санаж байна уу?
-Нэгдүгээр сарын 17-ны цуглааны зорилгыг агуулсан бичиг байсан. Монголын төр гэдэг МАХН болчихжээ. Нам төр хоёрыг салгая. Улс төрийн товчоог огцруулъя, Цэдэнбалыг хүрээ¬лэгчид, Мардайн уран, Асгатын мөнгөний ордын асуудал, Оросын цэргүүд Монголын байгаль экологийг сүйрүүлж, газар нутагт дураараа дургиж байгааг цэгцлэх зэрэг зорилго агуулсан цуглааныхаа тухай сонордуулга бичигтээ дурдсан байсан.
-Түүхийн гэрч болсон хүмүүс л түүхийг өгүүлж чадах нь тодорхой. Таны хувьд ардчилсан хувьсгалын түүхийг өнөөдөр шинэ үедээ үлдээхийн ач холбогдлыг хэрхэн харж байна?
-1990 оны түүхийг гурван хэсэгт хувааж үзэх нь зүйтэй гэж би хувьдаа боддог. Нэгдүгээрт анхны жагсаал цуглаанаас улс төрийн өлсгөлөн зарлаж, улс төрийн товчоог огцруулах хүртэлх үе. Мэдээж энэ үеийн хамгийн чухал үйл явдал нь ардчилсан холбооны анхны их хурлыг хуралдуулсан хоёрдугаар сарын 18-ны өдөр болоод гуравдугаар сарын 7-нд зарласан өлсгөлөн есний орой өндөрлөж, улс төрийн товчоо огцорсон. Ингээд гуравдугаар сарын 9-нөөс хойш бид жаахан нам жим болсон байдаг. Үнэндээ дөрөвдүгээр сарын 7-ны Ардчилсан намын анхдугаар их хурлын бэлтгэл ажилд орсон байсан юм. Сар хүрэхгүй хугацаа л бидэнд байлаа. Бэлтгэл ажлын хүрээнд намын гишүүдээ бий болгох, хороо, район байгууллагаас нь их хурлын төлөөлөгч сонгуулах гээд л. Энэ хурлаар намын даргаа албан ёсоор сонгоод намаа байгуулснаа зарласан. Энэ үеэр “Ардчилал” сониноо гаргаж, талбай дээр том баяр зохион байгуулж байлаа. Ингээд намаа байгуулаад нам, МоАХ хамтарч ажиллах гэрээ концевцээ баталсан. Намын хурлаар тодорхой болсон нэг зүйл бол дөрөвдүгээр сардаа багтаагаад томоохон хэмжээний пикет хийх. Үүнийг МоАХ, Ардчилсан нам хамтран анхан шатны байгууллагуудаараа дамжуулан хийх тухай ярилцсан юм.
-Та Ардчилсан намын түүхэн эхлэлийг ярьж байна. Ардчилсан намын эхлэл бол МоАХ. Намын гишүүд нь ч МоАХ-ын гишүүд байсан. Лидерүүд нь ч МоАХ-ынхон.
-Тийм ээ. Ардчилсан намын түүх гэвэл МоАХ-ны анхны гишүүдийн л түүх. Бат-Үүл дарга маань Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн цонхон дээр сууж байгаад л нам байгуулах тухай ярьж, анхны гишүүд гээд 206 хүний нэр бичиж авч байлаа. Тэгээд Ардчилсан холбооныхоо анхны хурал дээр Ардчилсан нам байгууллаа гэж зарлаж байсан. Тэрхүү 206 хүний нэр Бат-Үүл даргад байдаг байх аа.
-Та бид хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын түүхийг гурав хувааж ангилж болох тухай ярьсан. Тэр яриагаа үргэлжлүүлэх үү?
-1990 оны түүхийн хоёр дахь шат нь гурван сарын 9-нөөс тавдугаар сарын 20 хүртэлх. Гуравдугаар сарын 9-нд улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор нийгмийн цоо шинэ шийдвэр гаргах нөхцөл байдал бий болсон. Засаг барьж байсан МАХН-ын улс төрийн товчоо огцорчихлоо шүү дээ. Хоёрдугаар шатанд хийсэн улс төрийн хамгийн том акц бол дөрөвдүгээр сарын 27-ны пикет. МАХН-ын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцорсноо мэдэгдсэн ч Засгийн ордонд энэ намын эрх баригчид суусаар, ажилласаар байлаа. Тиймээс тэднийг саарал ордноос гаргах, намыг төрөөс салгах хэрэгтэй гэж үзсэн. Нөгөө талдаа цаашид улс төрийн шийдлүүд гаргахын тулд Монгол Улс ямар замаар явахыг, ямар бүтэц зохион байгуулалттай төр улс байгуулахыг, улс төрийн намын концевцүүдээ уралдуулж цаашдын зөв бүтэц зохион байгуулалтаа олж авах хэрэгтэй байлаа. Үүнд хүрэхийн тулд пикет хийсэн юм. Энэ бол Монгол Улсын түүхэнд үлдэх, ард түмнийхээ дэмжлэгийг авч чадсан улс төрийн хамгийн том акц байсан гэдгийг манайхан мэддэг болж.100 гаруй мянган хүн цугласан гэдэг юм. Энэ бол өөрөө агуу том ажил болсон. Бид зохион байгуулалтад маш их анхаарсан.
-Пикетээс улс төрийн суулт үргэлжилсэн. Үүний дараа та бүхэн хүссэн тэр зорилгодоо хүрч чадсан уу?
-Хөвсгөлийн намын гишүүдийн хүсэлтээр хотоос томилогдож очсон ухуулга сурталчилгааны хүмүүсийг барьж хорьсон асуудлаас болж, тэнд өлсгөлөн зарласан. Бид Хөвсгөлийн өлсгөлөнг дэмжиж пикетээсээ улс төрийн суулт хийлээ. Ардын түр хороо байгуулах, МАХН-ын их хурлыг хуралдуулах, Ардын их хурлыг хуралдуулж, 1990 ондоо багтаан төрийн сонгууль зохион байгуулах, төр засгийг шинээр байгуулах асуудал тавьсан. Үүний хүчинд Ардын их хурлын сонгууль явуулах, Монгол Улс хоёр шаттай парламенттай байх тохиролцоо хийж чадсан. Ингээд 1990 ондоо АИХ-ын сонгуульд Ардчилсан нам, МоАХ эвсэж орох нөхцөл бүрдсэн. Байгуулагдаад жил ч болоогүй улс төрийн байгууллага энэ сонгуульд 35 хувийн санал авна гэдэг маш өндөр үзүүлэлт юм шүү. Монголын ард түмэн ардчиллыг хүсэн хүлээж байсны илэрхийлэл. Ардчилсан холбооны цуглааны дараах эдгээр үйл явдал Монголын түүхийн нэгэн судлагдахуун болоод үлджээ. Энэ түүхэн үйл явдалд оролцсондоо хувь хүнийхээ хувьд тухайн үед үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Хорин долоо наймтай л залуучууд энэ бүхнийг хийсэн юм шүү.
-За тэгвэл таны ангилснаар ардчилсан хувьсгалын гуравдугаар үе нь Ардын их хурлын сонгуулийн бэлтгэл ажлаар эхэлжээ?
-Тавдугаар сарын хорьдоор бүх гишүүнийхээ анкетыг хаягаар нь ялгаж аваад л оройдоо гэрийнх нь хаалгыг цохиод Ардчилсан нам, Ардчилсан холбооны гишүүн үү гээд бүртгэж эхэлсэн дээ. Тухайн үеийн АИХ-ын депутатыг сонгох 25 дугаар тойргийн хорооны гишүүнээр томилогдсон хүн шүү дээ, би. МоАХ, Ардчилсан намын гишүүдээ цуглуулж анхны үүрүүдээ байгуулахаар сонгуулийн ажлаа эхэлсэн хэрэг. Яармагийн таван хороо, нисэх, био, шувууны салбар зөвлөл гээд л байгууллаа.
-Байгууллага дээрх улс төрийн байгууллагууд хуулийн дагуу татан буугдчихаар...?
-Тавдугаар сард намуудын тухай хууль шинэчлэгдэж,үйлдвэр албан байгууллага дээр байсан намын болон улс төрийн салбар зөвлөлийг бүгдийг нь нутаг дэвсгэрийн харьяалалд нь шилжүүлсэн. Сонгууль дөхсөн учраас тухайн үеийн район, хороодод улс төрийн анхан шатны байгууллагаа байгуулах ажилдаа бидний хэсэг нөхөд идэвхтэй гүйсэн.
-Таны намтрыг харж байхад 1990 оноос хойш улс төрийн ажилдаа идэвхийлэн оролцох болжээ?
-1992 онд сургуульд сурах, намын ажлуудаа хийхээр болоод ажлаасаа гарсан. Ардчилсан холбоо, намынхаа салбар зөвлөлүүдийг байгуулах, үүнийгээ бэхжүүлэх асуудал чухал байлаа. Тухайн үеийн Ажилчны районы Ардчилсан намын даргаар Ш.Алтангэрэл сонгогдож, би нарийн бичгийн даргаар нь томилогдсон. Прокурор шүүхийн байрны нэг давхарт нэг өрөөтэй боллоо. Тэндээ Ардчилсан нам, Ардчилсан холбооны Ажилчны районы зохицуулах зөвлөл байгуулж, нэг ширээ, нэг бичгийн машинтай ажлаа эхэлж байв. Хан-Уул дүүрэгтээ нийт таван сонгуулийн менежмент хийж, удирдаж, зохион байгуулсан байдаг юм. 2008 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялсан.
-Олон жилийн туршлага, уйгагүй ажлын үр...?
-2007 оны есдүгээр сард намын хорооны гишүүддээ сонгуулийн менежмэнтээр сургалт явуулж, ямар схемээр хэрхэн ажиллах вэ гэдгээ танилцуулсан юм. Ялж ялагдсан туршлага байна даа. 1992 оны сонгуульд Бат-Үүл дарга маань манай дүүргээс өрсөлдсөн ч ялагдсан. Тэр жил МАХН 72 суудал авч бид дөрөвхөн суудалтай үлдсэн. 1996 оны сонгуульд 62 дугаар тойрогт МҮДХ-ны анхны удирдагчдын нэг Г.Ганхуяг дэвшиж сонгогдсон. Мөн л би сонгуулийн менежмент хийж, сонгуулийн штабаа удирдсан. 1996 оны намар өөрөө нийслэлийн болон дүүргийн Иргэдийн хуралд өрсөлдөн, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд манай нам 14 суудал авлаа. Хүмүүс орон нутгийн сонгуулийн ач холбогдлыг ойлгодоггүй үе байлаа. Миний хувьд Улс төрийн академийг Төрийн удирдлагын менежерээр төгсөөд, магистр хамгаалж орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэдэг нь тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэд төрийн үйл ажиллагаанд оролцох хам¬гийн чухал боломж гэдгийг сайн мэдэрсэн учраас 2000 оноос хойш их ач холбогдол өгч оролцож эхэлсэн.
-Одоо та ямар ажил эрхэлж байна вэ?
-2008 оны орон нутгийн сонгуульд Хан-Уулын 35 суудлаас 26-г манайх авсан. Тэр үед Хан-Уул дүүргийн Захиргаа удирдлагын даргаар ажиллаж байсан. Одоо ТОСК-д ажиллаж байна.