Монголын Үндэсний музей, Монголбанкны Эрдэнэсийн сан хамтарч “Олон Улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр /2018-05-14/ “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл – Эртнээс Эдүгээ” үзэсгэлэнг нээлээ. Энэхүү үзэсгэлэн нь түүхээ хүүхэд, залуучууд, олон нийтийн боловсрол, танин мэдэхүйг нэмэгдүүлэх зорилготой юм.
Монгол нутагт төрт улс үүсч бий болсон цагаас эхлэн зоос, мөнгөн тэмдэгт хэрэглэж ирсэн арвин түүхтэй.
Уг үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Монгол банкны эрдэнэсийн санд хадгалагдаж буй 1000 орчим ховор үзмэрийг дэлгэжээ. Мөн 1211 оноос хойш Өгөдэй, Гүег зэрэг эртний хаадын хэрэглэж байсан болон нэг килограмм алтаар цутгасан Чингис хааны зоос зэрэг дурсгалын зооснуудыг байрлуулсан байна.
Энэхүү үзэсгэлэнг Монголбанк, Монголын зоос судлалын холбоо, Монголын Үндэсний Музей хамтран олон нийтийн хүртээл болгож байна. Үзэсгэлэн 14 хоногийн хугацаанд Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй байрших юм.
Хубилай хааны үед1260 онд Монголын гүрний нийслэл Хар Хоринд “Мөнгө тушаах банк” байгуулж,улмаар аравт,хорьт,зуут,мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд худалдааны төв газруудад тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ.
Манай эриний өмнө III зууны сүүлчээр байгуулагдсан Хүннү нарын үеэс эхлэн Сүннү, Уйгар, Кидан гүрний үед “Зүүн үзүүрт хутган мөнгө”, “Сүхэс”, “Их Монгол улсын мөнгө”, “Өлгий мөнгө”, “Их хааны нэвтрэх эрдэнэ” мэтийн нэртэй зоосон мөнгийг цутган хэрэглэж, таваар мөнгөний гүйлгээг хөгжлийн өндөр түвшинд явуулж иржээ.