Монголын сэтгүүлчдийн баг БНСУ-ын “Ёнхаб” мэдээллийн агентлагтай танилцав. Олон улсын стратегийн багийн ажилтан Ин Жун Чан бидэнд мэдээллийн агентлагаа танилцуулсан юм. Түүний хэлснээр “Ёнхаб” нь 1980 онд хоёр мэдээллийн агентлагийг нийлүүлснээр байгуулагджээ. 2003 онд тус агентлаг улсаас зөвшөөрөгдсөн мэдээллийн агентлагуудыг тэргүүлдэг байгууллагаар өргөмжлөгдсөн байна. 1988 оны зуны олимп, 2002 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мэдээллийн гол агентлагаар ажилласан арвин туршлагатай. Харин энэ удаад “Пёнчан” өвлийн олимпын гол мэдээллийн агентлагаар сонгогдон ажиллаж буй учир “Пёнчан new service network” гэдэг платформыг хөгжүүлж байгаа гэв.
“Ёнхаб” агентлагт 580 сэтгүүлч ажилладаг бөгөөд нийт ажилчдын тоо нь 813 юм байна. Мөн 28 орны 33 хотод 60-аад хэвлэлийн төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулж, дэлхийн 87 хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажилладаг. Манай МОНЦАМЭ агентлагтай харилцан мэдээллээ солилцдог юм.
Одоогийн байдлаар англи, испани, франц, хятад, араб, япон гэсэн зургаан хэл дээр мэдээллээ хүргэдэг төдийгүй удахгүй орос хэл дээр мэдээ, мэдээллээ хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж буй аж. Өдөрт 3000 орчим зураг, видео, график, мэдээ, мэдээлэл түгээдэг гэв. Түүнчлэн “Ёнхаб” мэдээллийн телевизээс гадна “инфо макс” сувгаар хөрөнгийн зах зээлийн мэдээллийг хүргэдэг гэх товчхон мэдээллийг бидэнд өгсөн.
Тус мэдээллийн агентлагийн хамгийн сонирхолтой хэлтэс нь Хойд Солонгосын мэдээллийг шууд хүлээж авдаг гэх техник технологиор тоноглогдсон, яг л тус улсад байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц түүхэн зургуудаар ханаа чимсэн жижиг өрөө байв. Энэ өрөөнд Хойд Солонгосын бүхий л мэдээ, мэдээллийг шууд хүлээн аваад дэлхий дахинд цацдаг юм билээ. “Хойд Солонгос пуужин харвалаа”, “Цөмийн туршилт хийлээ” зэрэг бидний хүлээж авдаг мэдээ, мэдээллийг зөвхөн энэ хэлтэс дэлхий нийтэд тараах үүргийг дангаар хүлээдэг гэсэн үг. 2002 онд “Ёнхаб” агентлагийн захирал нь өөрийн биеэр очиж гэрээ байгуулсны үндсэн дээр ийм эрхтэй болжээ. Тиймээс энэ өрөөгөө “Сөүл дэх Пхеньян” гэж нэрлэдэг.
Мөн уулзалтын үеэр Хойд Солонгосын талаар сонирхол татахуйц мэдээллээсээ бидэнтэй хуваалцсан юм. Тухайлбал, Хойд Солонгосын хамгийн өндөр барилга нь 70 давхар. “5 сарын 1” гэдэг нэртэй спорт цогцолборт нь нэг дор 150 мянган хүн орох боломжтой. Ким Ир Сений талбайн голын эсрэг талд байрладаг цамхаг нь 170 метрийн өндөртэй учир дэлхийн хамгийн өндөр цамхгуудын тоонд зүй ёсоор ордог зэрэг олон мэдээлэл өгсөн.