Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон сэтгүүлчид БНСУ-ын ГХЯ-ны урилгаар тус улсад тав хоног аялав. Жуулчдад үзүүлж сонирхуулах зүйл олонтой тус улсад саатсан өдрүүдэд эртний гэж хэлж болохоор орд харш, цайз хэрэм, орчин үеийн хэв загвартай тэнгэр баганадсан өндөр барилгууд, үзэсгэлэнтэй сайхан байгаль, өвөрмөц соёлтой нь танилцлаа.
Сөүлийг бүхэлд нь тольдож болох Намсан цамхаг, Дугду арлын түүхийг өгүүлэх музей, Ёнхаб мэдээний агентлаг, Хэвлэл мэдээллийг дэмжих сан, “Пёнчан 2018” өвлийн олимпын байгууламж, бүтээн байгуулалт гээд бид аяллын хөтөлбөрт багтсан газруудад зочилж, хүссэн мэдээллээ авсан юм.
Аяны богцоо задлахаас өмнө энэхүү аяллыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Гюн, ЭСЯ-ны захиргааны ажилтан, бидний орчуулагчаар ажилласан З.Хэрлэндээ талархсанаа илэрхийлье. Мөн биднийг Сөүлд хүлээн авсан БНСУ-ын ГХЯ-ны хамт олонд, халуун дулаан яриа өрнүүлсэн БНСУ-ын ГХЯ-ны Зүүн хойд Азийн газрын дарга Хо Сын Жэ, хэвлэлийн төлөөлөгч Ну Гюү Дог нарт талархая.
Солонгос улс монголчуудын хувьд хэдийнэ танил болсон учир бидний аяллын хөтөлбөрт багтсан “Дугду арал”-ын музейд зочлохдоо авсан мэдээллээсээ хуваалцая.
Солонгосын хойгоос Японы эзлэн түрэмгийлэлд өртсөн хамгийн анхны нутаг гэгддэг Дугду арлын тухай үнэн түүхийг өгүүлэх музей 2012 оны есдүгээр сард Сөүлд нээгджээ. Энэхүү музей нь түүх, байгаль, эко системийг нь өгүүлэх гурван танхимаас бүрдэх аж. Дугду нь баруун, зүүн арал гэж хоёр хуваагддагаас гадна эргэн тойронд нь 89 жижиг арал бий хэмээн хөтөч тайлбарлав.
Түүхийн үзэсгэлэнгийн танхимд тус арал он цаг бүрт нэр нь хэрхэн өөрчлөгдсөн, түүхийн сурвалж ном, сонин дээр юу гэж бичигдэж ирсэн талаар нь тэмдэглэсэн самбарууд байх. Энэ хугацаанд Дугду арал нь олон янзаар нэрлэгдэж ирсэн байдаг ч хамгийн ихээр танигдсан нь Ү Сан Ду. Энэ нэрээрээ хамгийн урт хугацааг элээсэн гэх. Харин Дугду хэмээн нэрийдсэнээс хойш өдгөө зуун жилийн нүүр үзэж буй. Чулуу ихтэй учир Дугду буюу Чулуун арал гэж нэрлэсэн юм байна.
Газар нутгийн маргаан эхлүүлсэн хүн
Сонирхол татсан мэдээллийн нэг нь 1681-1763 оны үед амьдарч байсан Ан Юнг Бук гэх хүний тухай байв. Тэрээр далайд загас барьж яваад Япон загасчидтай таараад анх арал манайх, танайх хэмээн маргаан дэгдээжээ. Ерөөс энэ хүнээс эхлэлтэйгээр Солонгос, Япон хоёр улсын дунд газар нутгийн маргаан дэгдсэн гэж үздэг байна. Тэрээр загасчин байсан ч хоёр удаа Японд очиж Үллөнду, Дугду арал нь Солонгосын газар нутаг хэмээн байр сууриа илэрхийлсэн гэнэ. Үллөнду арлаас Дугду арал хүртэл 87,4 км-ийн зайтай. Тийм ч хол биш учир тэнгэр цэлмэг байх үед Үллөнду арлаас Дугду арал харагддаг гэнэ.
Ямартай ч 1145 онд бичигдсэн Гурван улсын түүхийн тэмдэглэл болоод Солонгосын эртний олон сурвалж бичиг, газрын зурагт Дугду арал нь өнө эртнээс Солонгосын газар нутаг байсныг гэрчлэх баримтууд энэ музейд хадгалаастай юм билээ.
Тухайлбал, Гурван улсын түүхийн тэмдэглэлд 512 онд Шилла улс Үллөнду, Дугду аралтай газар нутгийг эзэлсэн гэх тэмдэглэл үлдсэн аж. Энэ баримт нь Солонгос улс Дугду аралтай холбогдолтой гэдгийг 512 онд бататгаж өгсөн хамгийн эхнийх нь.
Харин 1667 онд гарсан Японы түүхийн номонд хамгийн анх энэ арлын талаар бичиж тэмдэглэсэн гэх бөгөөд үүндээ Жусон буюу Солонгосынх юм гэж бичжээ. Жусон гэдэг нь Солонгосын хаант улсын үе юм.
Япон манай газар нутаг биш гэж хүлээн зөвшөөрсөн баримт бий
Сонирхол татах бас нэгэн мэдээлэл нь Японы олон сурвалж бичигт Дугду арал нь Японы газар нутаг биш гэдгийг тодорхой өгүүлсэн баримтууд гэв. Тодруулбал, 17 дугаар зууны сүүлээр Япон улс албан ёсны баримт бичигтээ Дугду арал нь Японы газар нутаг биш гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн аж.
Түүгээр ч зогсохгүй 1877 оны 3 дугаар сарын 29-нд Японы Засгийн газрын эрх барих хамгийн дээд байгууллага болох Дажоканаас Японы нийт нутаг дэвсгэрийг багтаасан газрын зургийг хийх явцын нарийн судалгаанд үндэслэн Дугду арал нь Японд хамааралгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг гэнэ.
110 жилийн турш нууцлагдмал байсаар 1987 онд л ил гарч ирсэн энэхүү Дажоканы баримт бичиг нь Дугду арал Японы газар нутаг биш болохыг Японы Засгийн газар албан ёсоор баталсан тов тодорхой баримт гэдгийг тайлбарлагч маань онцолж байв.
Дугду Такешима нэртэй болсон нь
Өнөөг хүртэл Япон улс дээрх баримтуудыг үгүйсгэж, Дугду арал нь Японы уугуул нутаг байсан хэмээн байр сууриа илэрхийлж буй. Тиймдээ ч тус арлыг Такешима арал гэж нэрлээд өөрсдийн газар нутаг гэж үздэг болсон талаарх мэдээллийг хүргэе.
1904 онд Япон, Орос хоёр улсын хооронд дайн болсон. Орос улс нь Солонгосын хойд зүгт, Япон нь урд талд нь байдаг учраас газар нутгийн хувьд Солонгос улс чухал байсан гэдэг. Энэ дайны үед Япончууд дайнд бэлтгэх цэргийн баазаа байрлуулах тохиромжтой газраар нэгэн арлыг сонгож авчээ. Энэ нь Дугду арал юм. 1905 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Оросын усан цэргийн флотыг хянах зорилгоор тус арлыг “Эзэнгүй арал” хэмээн нэрийдэж, хууль бусаар өөрийн газарт нэгтгэжээ.
Гэвч үнэндээ Дугду нь “Эзэнгүй арал” байгаагүй. Учир нь, 1900 оны аравдугаар сарын 27-нд гаргасан Солонгосын эзэн хааны 41 дүгээр зарлигт Солонгосын газар нутаг бол зүүн тал руугаа Үллөнду болон Дугду арлыг багтаасан Үллөн гэдэг сумыг байгуулж, энэхүү газар нутгийг хариуцна гэж зааж өгсөн байдаг байна.
Сонирхолтой нь япончууд энэхүү арлыг Такешима гэж нэрлээд байрлах болсон үйлдлээ төв Засгийн газар нь ч биш орон нутгийн удирдлагаас олон нийтэд мэдэгдсэн төдийхнөөр нууцаар хийжээ. Энэ үйлдлийг нь Солонгосын ард түмэн 1906 онд мэдсэн ч тухайн үед япончуудтай сөргөлдөх хүч байгаагүй аж. Ямартай ч дөрвөн жилийн дараа буюу 1910 онд Япон, Солонгосын эв найрамдлын гэрээ гэгчийг байгуулсан байна.
Түүнчлэн 1945 онд дэлхийн хоёрдугаар дайн дуусч, дайны дараах хэлэлцээр хийх явцад Потсдам болон Каирын тунхагаар ялагдагч улс Япон нь хүчээр түрэмгийлэн эзэлсэн бүх газар нутгаасаа хөөгдөн гарах үед Дугду арал Солонгосын мэдэлд эргэн ирсэн байна. 1946 оны Холбоотны цэргийн дээд командлагчийн 677 дугаар нот бичигт Дугду арал нь Солонгосын засаг захиргааны бүс нутаг болохыг тунхагласан аж. Тиймээс энэхүү арал нь БНСУ-ын тусгаар тогтнолоо эргүүлэн олсны их бэлгэ тэмдэг.
1953 оноос эхэлж хүмүүс амьдарч эхэлжээ
1953 онд арлаа хамгаалахын тулд жирийн иргэд нь Дугдуд ирж амьдарч эхэлсэн байна. Хүн амьдрахад тийм таатай газар биш ч арлаа хамгаалж, Солонгосын нутаг юм шүү гэдгийг харуулахын тулд хамгийн анх Чүэ Жун Дог гэдэг хүн оршин суужээ. Түүний 1960 оны үеийн зураг энэхүү музейд бий. Хамгийн анх суурьшсан иргэдээс нэгэн эмээ, өвөө хоёр өнөөг хэр нь тэндээ ажиллаж, амьдарсаар л байгаа гэх.
Ямартай ч Үллөнду, Дугду арлын түүх солонгосчуудын хувьд их чухал байдаг учир музейг сонирхохоор ирдэг хүн маш их юм билээ. Тус арал нь байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна олон амьтан ургамалтай учир шувууд ч ихтэй. Тиймээс солонгосчууд энэхүү арлаа шувуудын нутаг ч гэж нэрлэдэг талаар хөтөч тайлбарласан юм.