Хүний амьдралын хамгийн мартагдашгүй гэгээн сайхан дурсамжууд хүүхэд нас тэр тусмаа сургуулийн он жилүүдтэй холбоотой байдаг. Дэлхийн аль ч өнцөгт хүүхэд бүрт олгогдсон хамгийн чухал эрх бол суралцах. Тэгвэл дэлхийн улс орнуудын дунд сургуулийн талаарх сонирхолтой баримттай танилцуулья.
Хамгийн өндөрт орших сургууль
Түвдийн өндөр уулсад орших “Пхумачангтанг” бага сургууль. Далайн төвшнөөс 5373 метр өндөрт орших энэ сургууль нь Эверестийн уулчдын баазаас ч 200 метр өндөрт байдаг.
Хамгийн өндөр настай сургууль
Английн хатан хааны сургууль буюу Кентербернийн дунд сургууль бол дэлхийн хамгийн эртний сургууль юм. Манай Эрийн 597 онд анх байгуулагдсан хэмээн тэмдэглэдэг тус сургууль өнөөдөр сургалтын чанараар тэргүүлдэг гэнэ.
Хамгийн бяцхан сурагчтай сургууль
Голландын хүүхдүүд дөрвөн насныхаа төрсөн өдрөөр сургуулийн босго алхдаг. Тиймээс өдөр бүр шинэ хүүхэд ангид орж ирэх нь хэвийн үзэгдэл. Мэдээж он дөнгөж гаруут дөрвөн нас хүрч байгаа хүүхэд орчиндоо дасах, найз нөхөдтэй болох гээд зарим талаар давуу ч хичээлийн хувьд нэг төвшнөөс эхэлдэг аж.
Өвөрмөц “сурах бичиг”-тэй сургууль
Хоол хүнс нь Францын сургуулиудын хувьд сургалтын нэг хэрэгсэл. Хүүхдүүд хоол хүнсийг хэрхэн боловсруулдаг, ямар ногоо, бусад бүтээгдэхүүн ашигладаг зэргийг судлахаас гадна, ширээний ард суух ёс зүйд суралцдаг байна.
Өмнөд Солонгосын сурагчид хичээлийн дараа ангиа цэвэрлэхэд заавал туслах үүрэг хүлээдэг. Хичээлийн дараа хүүхэд бүр хүлээж байгаад заавал ангиа цэвэрлэдэг.
Бангладешт завин дээр байрладаг 100 гаруй сургууль бий. Сургууль бүрт интернэт, номын сан бий. Мөн нарны зай хураагуураар цахилгааныхаа хэрэглээг хангадаг. Жил бүр Бангладешт болдог байгалийн гамшгаас болж хэдэн зуу, бүүр мянган хүүхдийн хичээл тасалдахад хүрдэг байна. Долдугаар сараас 10 дугаар сар хүртэл үргэлжлэх борооны улирлын улмаас сургууль руу явах замууд боогдож, голуудын төвшин 4 метр хүртэл нэмэгддэг. Тиймээс завин дээр хөвдөг сургуулиад зайлшгүй байх шаардлагатай болжээ.
Колумбын алслагдсан бүс нутгийн хүүхдүүд сургуульд явахын тулд хоёр уулыг холбож татсан тросон тээврийн хэрэгсэл ашигладаг. Лос Пинос тосгоны хүүхдүүдийн сургууль хүрэх ганц зам нь энэ уул дамнуулан татсан тросс. Бага хүүхдүүдийг энэ замаар явуулахыг зөвшөөрдөггүй бөгөөд эцэг эх нь эсвэл ах эгч нар нь хүргэж өгдөг байна. Хэрвээ энэ зам байхгүй бол хүүхдүүд ширэнгэн ойн дундуур явах бөгөөд хамгийн багадаа сургууль хүртэл 2 цаг гаруй хугацаа зарцуулах юм.
Германы нэгэн сургуулийг маш том цагаа муур хэлбэртэй барьсан байдаг. Асар том шилэн нүд, модон амтай энэ муур урт сахалтай. Хүүхдүүд муурны амаар ороод биед нь орших ангиуд руугаа ордог. Мэдээж дотоод засал нь энгийн сургуулийн нэгэн адил. Харин муурын сүүлийг хүүхдүүд бяцхан толгод болгон ашигладаг.
Чилийн сурагчдын зуны амралт 12 дугаар сарын дундуураас гуравдугаар сарыг дуустал үргэлжилдэг
Германд нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдэд сургууль хичээлийн эхний өдөр том гурвалжин цаасан ууттай бэлэг өгдөг. Харандаа, үзэг, ном, бас амттанг хийдэг.
Японы дунд сургуулийн хүүхдүүдийн бие даах чадвар хамгийн өндөртэй нь гэж хэлж болно. Тэд өөрсдөө сургуульдаа явж, ангиа цэвэрлэж, бас хоолныхоо ширээг засдаг. Сургуульд цэвэрлэгч, үйлчлэгч гэж байдаггүй.
Хятадын дунд сургуулийн хүүхдүүд дэлхийн хамгийн их гэрийн даалгавар авдаг сурагчид гэж болно. Дунджаар долоо хоногт 14 цагийг гэрийн даалгавар хийхэд зарцуулдаг байна.
Францын хичээлийн жил наймдугаар сараас 6 дугаар сар хүртэл үргэлжилдэг ч долоо хоногт 4 удаа сурагчид сургуульдаа явдаг. Өдөрт хоёр цаг орчим цайны цаг үргэлжилж, 08.30-16.30 хүртэл хичээллэдэг нь хамгийн урт өдрийн сургалттай гэж бас онцолж болохоор байгаа юм.
Филиппинд ундааны саваар барьсан сургууль бий. 9000 гаруй саванд элс болоод ус бусад зүйлсээр дүүргэлт хийн, 10 сайн дурынхан нийлж энэ сургуулийг барьж өгчээ. Мэдээж цемент бусад зүйлсээр эдгээр ундааны савыг бэхлэн барьсан нь тодорхой.
Дэлхийн хамгийн том дунд сургууль бол Энэтхэгийн Лакхнаугийн Монтессори сургууль. Өдөр бүр тэнд 32000 хүүхэд суралцдаг 1000 гаруй анги танхим, 3700 компьютертэй. Жил бүр мянга, мянган бичгийн хэрэгсэл ном тус сургууль худалдаж авдаг.
Италийн Турин хотод 2014 онд дэлхийн хамгийн жижигхэн сургуулийг нээсэн байна. Ганц сурагч, ганц багштай тус сургуулийн орон нутгийн захиргаанаас сурагч нь сурч байгаа тохиолдолд хаахгүй гэдгээ мэдэгдсэн байна.