МЗХ-ны санаачлагаар “Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг”, “Y-PEER” Олон улсын байгууллага, “Marie Stopes” Олон улсын байгууллага, ХӨСҮТ, хамтран хэрэгжүүлж буй “Халдваргүй Ирээдүй-Мэдлэгээ хэрэглээ болгоё” төслийн хүрээнд залуучууд, өсвөр үеийнхэнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор МЗХ-ны 21 аймгийн салбар нэгжийн төлөөлөгч залуусыг “Манлайлагч сургагч багш”-аар бэлтгэж байгаа юм. Тус сургалт 2017 оны 4-р сарын 24-4-р сарын 27-ны өдрийн хооронд “Хаан жимс” амралтын газар үргэлжлэх юм.
Сургалтаар “Хүний эрх ба нийгмийн шударга ёс”, “Жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл, “Манлайллын тухай одоогийн ойлголт”, “Залуучуудын хөгжил, оролцоо”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба гэр бүл төлөвлөлт” зэрэг сэдвээр явагдах бөгөөд сургалт багаар хамтран ажиллах, практикт суурилсан хичээлүүд орно.
Сургалтын зорилго нь “Манлайлагч сургагч багш”-аар бэлтгэгдсэн залуусаар дамжуулан 21 аймагт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ, ХДХВ-ийн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтуудыг зохион байгуулах юм.