Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг зургадугаар сарын 01-нээс эхлүүлэх болжээ.
Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Зуны гурван сарын хугацаанд оюутан цагдаагаар ажиллах хүсэлтэй залуусыг маргааш буюу энэ сарын 26-нд Д.Сүхбаатарын талбайд болох “Аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болон энэ сарын 28-нд Улаанбаатар чуулгын байранд болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармагийн үеэр бүртгэх аж.
Өнгөрсөн онд “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа” арга хэмжээнд 300 гаруй оюутан хамрагдаж, жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилахаас гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажилласан. Ингэснээр жуулчдыг дээрэмдэх, эд зүйлсийг нь хулгайлах гэмт хэрэг 20 хувиар буурсан байна.