Япон дахь монголчууд маань тун удахгүй "Хаврын баяр 2017”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү баяраараа эрийн гурван наадам хийхээр зэхэж буй аж. Гэхдээ энэхүү бэсрэг наадамд зөвхөн хүүхдүүд оролцох нь. Учир нь, Япон улсад төрж өсөж буй Монгол хүүхдүүдэд уламжлалт баяр наадмаа таниулан, Монгол соёл заншлыг бяцхан хүүхдүүдээр дамжуулан Японы ард түмэнд танилцуулах нь тус наадмын зорилго гэнэ. Эрийн гурван наадамд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорих хүүхдүүдийг медаль бэлэг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулах юм байна. Токиогийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд ирэх сард болох наадмын ерөнхий зохион байгуулагч нь “Хаврын баяр зохион байгуулах комисс 2017” болон “Миний Монгол” сургууль аж. Гэхдээ хурдан морь уралдуудлах боломжгүй учир оролцогч хүүхдүүд модон морь хөлөглөх нь.