Өнөөдрөөс эхэлж Улаанбаатар хотын нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд зөвхөн цахим картаар зорчих төлбөрийг хийдэг болж байна.
Ийм журамд шилжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээг соёлтой боловсронгуй шинэ түвшинд гаргаж зорчигчид нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зардлаа төлөх болсноороо онцлогтой.
Карт ашиглаагүй болон үйлчилгээний хөлсөө төлөөгүй зорчсон тохиолдолд Автотээврийн тухай хуулийн дагуу тухайн иргэнийг 1000-5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх буюу борлуулах 451 цэг ажилллаж байна. Цаашид энэ тоог нэмж, карт борлуулах цэгийг нэмэгдүүлнэ.
Автобусны буудлын ойролцоо байрлах цэгүүдэд картаа цэнэглэх буюу худалдан авах боломжтой. Мөн сарын турш хязгааргүй зорчих эрхтэй карт худалдаанд гарсан бөгөөд 25 мянган төгрөгийн үнэтэй юм. Хязгааргүй зорчих эрхтэй картыг “Улаанбаатар смарт карт” ХХК хэрэглэгчийн төв болон Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг төвөөс авах боломжтой.
Харин орон нутгаас болон гаднаас ирсэн иргэдийн хувьд түр хэрэглэх карт авч ашиглах боломжтой. Улаанбаатарт өнөөдөр 920 гаруй автобус хотын тээвэрт үйлчилж байгаа юм. Нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй иргэдийн 20 мянган ширхэг картыг өнөөдөр, маргааш нийгмийн ажилчидтай хамтран нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст тараах ажлыг зохион байгуулна. Үнэгүй зорчих эрхийн карт авсан иргэд карт борлуулах, цэнэглэх төвүүдэд очиж, тухайн картаа цэнэглүүлэн, нийтийн тээврээр зорчих юм.