УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлээд байгаа хүмүүс хэрхэн энэ хэрэгт холбогдсон тухай мэдээлэл өгөөд сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
-Таны хэлснээр Содномдаржаа, Чимгээ нарт хэргийг тохох гээд эртнээс бэлтгэсэн гэж ойлгогдож байна. Хэний захиалгаар цагдаа хүчнийхэн ийм ажил хийсэн юм бэ тэгвэл?
-Би яаж мэдэх вэ. Миний ярьсан дээрх хэргүүд бол тухайн үедээ тухай бүрт нь шалгагдаж, шийдэгдсэн хэргийн баримт. Өлзийсайхан гэдэг хүний аминд халдсан хэргийг шалгаж явсаар байгаад Амгаланбаатар үйлдсэн гэдгийг тогтоогоод ялыг нь өгчихсөн. Мөн Ганбатын гэх хэрэг, Архангайн гурван хүний амийг бүрэлгэсэн хэрэг гээд л. Тиймээс илэрхий ойлгогдож байгаа зүйл бол Амгаланбаатар худлаа хэлдэг, хүн гүтгэдэг. Надад жилийн өмнөөс цөхөрсөн хүмүүс энэ хэргийн талаар өргөдөл ирүүлсэн. Тиймээс хуулийн байгууллагын дээд албан тушаалын хүмүүст нь энэ хэргийг маш ул суурьтай судалж, юмаа мэддэг хүнээр нь давхар давхар хянуулаарай гээд нууцын журмаар албан бичиг явуулж байсан нь үнэн.
-Та өөрөө Хууль зүйн сайд байсан. Энэ хэргийн талаар мэдээлэлтэй байсан мөртлөө хэрэг нэгэнт шийдэгдсэн хойно яагаад мэдээлэл хийх болсон юм бэ?
-Хууль зүйн яаманд байхад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлаар ажлын хэсэг гаргаад нууцын журмаар шалгаж байсан нь үнэн. Гэхдээ сайдад хэрэг бүртгэх ажилд хөндлөнгөөс оролцох эрх байдаггүй. Тиймээс би 2003 онд нотлох баримттай мэдээлэл өгсөн хүнд 500 сая төгрөгийн урамшуулал олгоно гээд Засгийн газрын тушаал гаргуулж ажлын хэсэгт дэм болох гэж хичээсэн.
-Хэрэгтнүүд өөрсдөө хэргээ хүлээснийг телевизээр бүх хүн харсан. Гэтэл та яагаад мэдээлэл өгөх болов оо?
-Хэрэг нотлогдсон гэж хэн хэлээд байна вэ. Хэрвээ нотлогдсон бол яагаад шүүх хурлыг хаалттай хийгээд байна вэ. Надад энэ талаар ямар нэг сонирхол байхгүй шүү. Би УИХ-ын дэд дарга хэвээр байгаа. Миний өгч буй мэдээлэлд хэргийн хавтаснаас авсан мэдээлэл байхгүй. 61 хавтаст хэрэг байна гэсэн л дээ. Би нэгийг нь ч сөхөж үзээгүй. Энэ хэргээс өмнө юу болсон бэ гэдгийг би сэтгүүлчдэд хэлж байна. Би хуулийн байгууллага шалгаагүй баримтгүй зүйл огт яриагүй. Өлзийсайхан, Ганбатын амь нас хохироосон хэргийг тухайн үед нь шалгаад хуулийн дагуу шийтгэсэн.
Чухам яагаад би ярьж байна вэ гэхээр энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн болохоо байлаа. Миний ээж шиг хүмүүс гудамжинд цөхрөнгөө баран явж байна. Төр хэтэрхий их иргэдээ дээрэлхэж байна. Энэ аймшигтай явдал өнөөдөр тэр хүмүүсийн гэр бүлд орж ирсэн ч магадгүй маргааш танай гэрт, манай гэрт ч орж ирж магадгүй.
Чимгээд бичсэн 3 сарын 27-нд бичсэн мэссэжинд “Гэрт чинь орой хүмүүс очино. Хүйс тэмтэрнэ. Гичий минь надад цаазын ял оноохгүйг чи мэдэж байна уу” гэсэн байна. Ийм аюултай зүйл байна.
-Та 25 дугаар ТV-д өгсөн ярилцлагадаа “Шүүх прокурорт улстөрийн нөлөө байна” гэж хэлсэн. Хэн нөлөөлж байгаа гэж үзэж байна вэ?
-Тэрийг чинь шалгаж байж ярьдаг юм. Ямар ч байсан ийм мөчид баримтаар, хаалттай байдлаар шийдэх нь захиалга байна гэж харахаас өөр арга алга. Би чинь прокурорын үндсэн мэргэжилтэн. 10 жил хэрэг уншиж, эдний ажлын нөхцөлийг сайжруулах гэж 30 гаруй жил зүтгэж байна. Та бүхэн хэрвээ миний гэрт ийм юм болбол яана вэ гэж бодоорой. Тэр цогцос аваачиж хаядгийн урд өдөр Бямбасүрэнтэй нэг хүн ирж архи уугаад утсыг нь авч явсан, өглөө нь гэрийнх нь хашаанд цогцос аваачаад хаячихсныг юу гэж бодож байна вэ.
-С.Зоригийг амийг хороосон хэрэг яагаад өнөөг хүртэл илрээгүй гэж боддог вэ?
-Хэрэг гарсан орой гэрээр нь 70 хүн ороод гарсан. Ингээд хэргийн бүх ул мөр алдагдсан. Хэргийн газар хүн ороод гарахаар л дараагийн бүх үйл явц алдагддаг. Гэтэл тэр үеийн Ерөнхий сайд, Эрүүл Мэндийн сайд, Хотын Цагдаагийн дарга тэргүүтэй 70 хүн ороод гарсан байдаг юм.
-Одоо хэргийг задлах боломж бий юу?
-Би яагаад энэ асуудлаар хэвлэлийн өмнө гарч ирээд байна гэхээр шүүхийн таслан шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болчихсон учраас тэр. Тэгэхгүй бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд оролцсон болчих гээд байдаг. Одоо дээд шүүхэд өргөдөл гаргах гарц бий. Гэхдээ би эргэлзэж байна. Бүлгийн хурал дээр “Анхан шатны шүүх хурлаас хэргийг яг таслахаар бэлтгэж байна. Давж заалдах шатны шүүх ч батална. Монгол төр гэж байвал үүнийг анхаарахгүй байж болохгүй шүү” гээд би хэлээд гарсан. Яг л ийм юм болсон. Яахаараа гурван хүнд 22-25 жилийн хорих ял өгчихөөд захиалагчаа хайгаад байдаг юм. Энэ хэрэг одоо ингээд л дуусна. Улсын нууц гээд 25 жил хав дарна.
- Булганыг гэрчийн хувиар оруулсангүй гээд та хэлээд байдаг. Гэтэл хуулийнхан сэжигтнээр шалгагдсан учраас болохгүй гээд байгаа биз дээ?
-Би хуулийнхнаас ганцхан л юм асууж байгаа. Би хуулийнхнаа цөмийг нь мэднэ. “Та нар Булганыг бүтэн жил хорьчихоод суллалаа. Энэ хүн чинь хохиролоо нэхнэ яах вэ “ гэхээр хариулах хүн алга. Булганд бол эрх нь бий.
- Хэрэг нэгэнт шийдэгдсэн гэж та бодож байгаа бол яагаад ийм мэдээлэл өгөөд байгаа юм бэ. УИХ-д хэргийг задлах эрх байхгүй юу?
-Хэцүү дээ. 1990-ээд онд Ж.Барамсай Шоронгоос өшөө авагчид бий” гэж бичээд бөөн юм болж байлаа. Би тэр үед Улсын прокурорт ажиллаж байсан. Би “Та нар шоронгийн хоригдлыг улсын прокурор шиг статустай болголоо” гэж хэлээд адлуулж явсан. Яг үүнтэй ижил үйл явдал болоод байна. Нарийндаа ямар ч өмгөөлөгчгүй хэрэг болоод байна. Өмгөөлөгч нэртэй хэдэн юм бий. Гэхдээ улсын нууц гэж айлгаад гарын үсэг зуруулчихсан учраас таг байгаад байна. Үнэндээ прокурор өмгөөлөгч хоёр ижил эрхтэй. Прокурор нь телевизээр ярьж болж байгаа юм чинь өмгөөлөгч ярих ёстой. УИХ-ын тухайд бол “Михиалд нэг бодол бий” гэдэг шиг УИХ одоо бол хуулийнхны шууд ажилд оролцож болохгүй. Гэхдээ УИХ-д хэргийг задлах эрх бий. Би тэрийг та нарт хэлэхгүй.
Ямар ч байсан гол хэрэг хүлээгээд байгаа хүн өмнө нь ямар ямар хэрэг хүлээснийг олон нийтэд ил болгож, үүн дээр хуулийн байгууллага дүгнэлт хийлгүүлэх зорилгоор мэдээлэл хийж байна.