УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр хэвлэлд хандлаа. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдож ял авсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөөд Амгаланбаатар бол худлаа хэлдэг хүн гүтгэдэг хүн. Ийм хүний мэдүүлгээр хууль хяналтынхан хэргийг таслан шийдвэрлэж байгаад бухимдсанаа илэрхийлэв. Мөн хэрэгтэн Амгаланбаатараас С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял аваад байгаа Чимгээ,Содномдаржаа нарт явуулж байсан мэссэжийг олон нийтэд дэлгэв. Ингээд түүний ярьсныг элдэв тайлбаргүй хүргэе.
Ц.Нямдорж “Би тодорхой асуудлаар та бүхэн мэдээлэл өгөх гэсэн юм. С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн талаар. Энэ хэрэгт гурван хүн 24-25 жилийн ял шийтгүүлж, 2 шатны шүүх хурал хаалттай явагдсан. Шүүх хурлын дараа прокурорууд хэвлэлээр мэдээлэл хийсэн. Үүнээс болж би хоёр удаа яриа өгсөн. Хэдийгээр миний хариуцах ажил биш ч, байдал ээдрээтэй болж, монголын хуулийн байгууллагын асуудал хөндөгдөж байгаа учраас би мэдээлэл өгч байна.
Энэ хэрэгт шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар нь 2007 онд найзаа зодсон хэргээр цагдаад анх шалгагдаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш 4 хүний амийг би хохироосон гэж худал мэдээлэл өгсөн байгаа юм. Мөн нэг хүнийг хэрэгт холбогдуулж гүтгэж, нөгөө хүн нь 1 жил шахам хоригдож байгаад хэрэгт холбогдолгүй нь тодорхой болсон юм билээ.
Эхний хүн амины хэрэг нь 2004 онд Эрдэнэтэд Өлзийсайхан гэж хүний амийг хороосон хэргийг Эрдэнэбаатар гэгч хүн үйлдсэн хэмээн Ц.Амгаланбаатар мэдүүлэг өгсөн учраас энэ хэрэгт холбогдуулан Эрдэнэбаатарыг бараг жил шахам хорьж мөрдсөн аж. Сүүлд нь хэргийг Эрдэнэбаатар биш Амгаланбаатар өөрөө хийсэн нь батлагдаад, хэргээ хүлээсэн. Ингээд 2009 онд цаазаар авах ял шийтгүүлсэн ч уучлал үзүүлж, 5 жил нь гянданд, 20 жил нь чанга дэглэмтэй хорих ангид ял шийтгүүлэхээр болж. Ингэж ял шийтгүүлж байхдаа “Надад үйлдсэн бас нэг хүн амины хэрэг бий. Та нар эргэлт оруул. Би Ганбат гэж хүний амийг хөнөөсөн. Самарт яваад архи ууж маргалдаад зүрхэн тус газарт нь хутгалсан гэж мэдүүлэг өгч цагдаагаас бөөн ажил болгон шалгах явцад “ Надад эргэлт оруул. Өмгөөлөгчтэй байцаалт өгнө. Хэргийн талаар тэгвэл тодорхой ярина” энэ тэр гэж цааргалах байдал үзүүлж байж. Цагдаагаас шалгаж хэргийг түтгэлзүүлсэн байгаа юм.
Гэтэл эхний хэрэгт гүтгүүлсэн Эрдэнэбаатар гэдэг хүн Ц.Амгаланбаатартай үй зайгүй найзалж байсан цорын ганц найз нь байж. Дараа нь Ганбатын амийг хөнөөсөн гэж мэдүүлэхдээ Балжинням, Эрдэнээ гэж хоёр хүний нэр хэлсэн байна. Балжинням нь Амгаланбаатарын хойд эцэг Доржсүрэнтэй хамт 35 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан. Одоо бурхан болчихсон хүн. Эрдэнээ гэдэг нь талийгаачийн хүргэн байж. Эхний хэрэгт найзаа, хоёр дахь хэрэгт хойд эцгийнхээ найз нөхдийг хэрэгт татаж.
Ингээд ял эдэлж байхдаа Архангай аймгийн Цэнхэр суманд гурван хүний аминд халдсан гэдэг зүйл яриад Эрүүгийн цагдаагаас шалгаж, энэ хүнтэй холбогдолгүй гэж тогтоогоод хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ бол Ц.Амгаланбаатарын ярьсан 5 хүн аминий хэрэгтэй холбоотой баримт.
Хэрэгтэн яд эдэлж байхдаа 2014 оны гуравдугаар сараас Содномдаржаа руу, 7 дугаар сараас Чимгээ рүү тодорхой гар утаснаас мэссэж бичжээ.
2015 оны зургадугаар сард Чимгээгийн хашаанд цогцос аваачаад хаячихсан байсан бөгөөд тэр нь 6 сарын өмнө нас барсан хүн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Энэ өдрийн маргааш нь Чимгээгийн охин Өнөрцэцэгээс цагдаагийнхан тайлбар авахад 2014 оны долдугаар сараас Амгаланбаатар гэж хүн ээж рүү “С.Зоригийн алсан биз дээ” гээд мэссэж бичсэн гэх мэдээлэл өгсөн аж.
Т. Чимгээ рүү “95983670” гэсэн утаснаас “Ямар хүн алснаа мэдэж байгаа биз. Жаагий /Содномдаржаа / та хэд том хүн нухаа биз дээ. Паарыг мэдэж байна уу. / Гэртээ эхнэр хүүхэдтэйгээ шатаж нас барсан залуу / Жаагий та хоёр алаа биз дээ 1998 онд. Шаазан баарны үйлдвэр санаж байна уу 1998. Намайг эргэж ирээд 5 сая төгрөг өг. Жаагий мөнгөтэй байгаа биз дээ. Та хэд том хүн алчихаад нуугаад яваад хэр удах вэ. Чимгээ улс төрийн хэрэг хийснээ санахгүй байна уу. Шаазан баарны үйлдвэрийн байрыг санахгүй байна уу. Та нар дээшээ ороо биз дээ. Би цагдаагийн газар хэллээ. Чи Жаагий, Паартай ороо биз дээ. Хэрэг хийсэн захиалсан хүнээ яриа Чимгээ. Би орцонд та нарыг хараад байж байсан биз дээ. Чимгээ чи болсон хэргээ хэлэхгүй бол Дөлгөөнөөг чинь ална шүү” гэсэн байгаа юм. Дөлгөөн бол Чимгээгийн охин.
5 сарын 13-нд Т.Чимгээгийн хашаанд цогцос хаядаг өдөр цагдаагийнхан Б.Содномдаржаагаас тайлбар авчээ. Тэгэхэд Ц.Амгаланбаатар 2014 оны 3 сард утсаар ярьж дарамталсан хэсэг байж байгаад ахин мэссэж бичиж дарамталсан гэж хэлсэн.
Б.Содномдаржаа руу “99284696” гэдэг дугаартай утаснаас занасан, дарамталсан айлгасан нийт 102 мэссэж явуулжээ.
Жишээ нь “ зааны тугал та хоёр Зоригийг алсан хэргийг олон жил дарлаа даа. Бүгдийг чинь самарна” гэжээ. Зааны тугал гэдэг нь тухайн үед ажиллаж байсан Цагдаагийн хурандаа. Б.Содномдаржаа таньдаг байсан учраас түүнд энэ тухай хэлж, уулзсан юм шиг байгаа юм.
Ц.Амгаланбаатар үнэхээр аймшигтай зүйлс бичиж байснаас “Чи яах гэж Зоригийг алсан бэ. Зааны тугал та хоёр барахгүй шүү. Зоригийг алсан хэрэг, шатаасан хэрэгтэй чинь нийлээд алуулна аа. Зоригийг алсан хутга чинь надад байгаа шүү. Зоригийг алсан хэргээ санахгүй байна уу.Би олон жил нуулаа шүү. Би Зоригийг алсан алуурчин та нарыг хэлж шоронд оруулна. Паарыг гэр бүлээр нь шатааж алсан биз дээ. 4 хүний аминд хамт унана аа. Гараад ирж Паарыг шатаасан шиг чинь шатаана. Чи паарыг шатаасан гэх хоёр амьд гэрч бий. Ямар зорилгоор алснаа санаж байна уу” гэх мэт мэссэж бий.
Энэ мэссэжийг харахаар Чимгээ, Содномдаржаа нарын хүүхдүүдийг, байр байшинг нь яг дэргэдээс нь харж байсан мэт зүйл харагдаад байгаа юм.
2015 оны гуравдугаар сарын 21-нд хуулийн байгууллагын нэр бүхий ажилтан Эрдэнэтэд очсон байна. Хотод ажиллаж амьдардаг хүн уг нь. Ингээд Эрдэнэтийн “Даниста” худалдааны төвийн өмнө Содномдаржаатай таарч маргалдаж, зодолдож, цагдаад мэдэгдээд 3 дугаар сарын 31-нд Эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Энэ өдрөөс 2 сарын дараа Чимгээгийн хашаанд цогцос аваачиж хаясан. Үүнээс хоёр сарын дараа 8 сарын 31-нд Чимгээ, Содномдаржаа нарыг баривчилсан байна. Ийм л юм болжээ.
Тусгай албаны даалгавраар худал мэдээлэл тарааж байна
Яг дээрх мэссэжид бичсэнээр хэргийг шалгах шүүх бүх ажиллагаа дууссан. Ерөнхийдөө жаахан өөрчлөлт байгаа ч яг энд бичсэнээр дуусч. Яахаараа хуулийн байгууллагын ажилтан нь очиж очиж Содномдаржаатай таарч хэл ам үүсгэдэг юм. Яахаараа заавал Чимгээгийн хадам ээжийн хашаанд цогцос аваачаад хаячихав. Яагаад таван хүн амины хэргийн талаар худал мэдээлэл өгч байсан хүн утастай болчихдог юм. Таван жил шоронд ял эдэлсэн хүн Содномдаржаа, Чимгээ нарын утасны дугаарыг олж мэссэж бичнэ вэ. Яагаад шүүх хурал хаалттай яваад байна вэ. Яагаад шүүх хурлын тогтоол хүчинтэй болсон хойно улсын яллагч мэдээлэл хийнэ вэ. Өмгөөлөгч нар яагаад өмгөөлөх эрх олгохгүй байна вэ. Энэ хоёр хүний амьдрал өнөөдөр сүйрч байна. Чимгээгийн том охин Ө нь автомашины ослоор нас барсан байна. Эцэг нь ээж нь хэрэгт холбогдсоноос хойш ийш тийшээ лам хар гэж давхиад байсан юм. Ингэж яваад нас барлаа гэсэн байсан. Хэрэг гарах үед Чимгээ 3, 1 дүгээр ангийн болоод 2 настай гурван хүүхэдтэй, 27 настай байсан. Чимгээний ээж 75 настай хөгшин Дорноговьд байна. Над руу захидал ирүүлээд би утсаар ярьсан. Би ярьж чадахгүй, өдөр шөнөө ч ялгахаа болилоо хэмээн хэлээд Чимгээгийн утсыг өгсөн.
Төрийн нууцад авсан бол хэргийг 25 жил хадгалах заалттай. Хамгийн гол нь захиалагч байхгүй, гэтэл захиалгаар алсан гээд байдаг. Энэ хэргээс 1937 оны онцгой комиссын ажлын арга барил үнэртээд байна шүү. Аюул шүү. Тиймээс цаашдаа захиалагчийг илрүүлнэ гэдэг малгайн дор хэчнээн хүнийг тамлах вэ. Цорын ганц амьд гэрчийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш, хохирогч ч биш гээд шүүх хуралд оруулдаггүй. Гэсэн хэрнээ тэр хүний хэлсэн ам зургаар хүмүүсийг яллаж байна.
Сүүлийн үед намайг Б.Булганыг Орос руу гаргах гэж байна хэмээн мэдээлэл цацаж байна. Гэтэл би тэр Булган гэж хүнийг ерөөсөө танихгүй. Хулангаар дамжуулж энэ ажлаа хийх нь гэж. Би Хуланг ажлаа өгснөөс хойш нэг ч удаа уулзаагүй. Ахиад тусгай албаны даалгавраар худал мэдээлэл тарааж байна гэж харж байна” хэмээн ярьсан юм.