Баруун аймгуудын нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орсны улмаас төөрч алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа эхэлжээ.
Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас мал тууж авчрахаар яваад сураггүй болсон иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар, мөн аймгийн Тариалан сумын “Шар бүрдийн хөдөө” гэдэг газраас малтайгаа уруудаж төөрсөн иргэн Я-гийн 10-15 насны гурван хүүхэд, Өмнөговь сумаас Холбоо баг руу дуудлагад яваад сураггүй болсон сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нарыг эсэн мэнд олсон байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газраас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон гэх иргэн С /50 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд оллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.