Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДИСКУС загас буюу аквариумын загас


Байгальд амьдардаг ДИСКУС /англиар Discus/ бол Бразил, Өмнөд Америкт байдаг Риу-Негру болон Амозонк мөрнүүдэд байдаг үзэсгэлэнтэй загас. Тайван, амгалан энэ загас эрэг орчмын тогтмол усанд амьдарч, аюул тохиосон үед модны үндсэн доор нуугддаг.

Байгальд ердөө хоёр төрөл тохиолддог бол бусад 20 шинэ үүлдэрийг нь Сингапур, Япон, Хятадын загас үржүүлэгчид гаргаж авсан байдаг.

Аквариумд амьдардаг дискус 15 см хүртэл өсдөг, ер бусын хурц тод өнгөтэй. Дугираг, хавтгай төрхтэйгөөрөө дисктэй адил хэмээн ийм нэр хүртсэн байна. Толгой, ам нь тийм ч том биш, нүд нь бүлтгэр, улаан хүрээтэй. Сэрвээ, шулуун гэдэс орчмын сэлүүр нь урт. Үндсэн өнгө нь хүрнээс улаан шар дэвсгэр дээр босоо хэлбэрийн бараан зураастай. Гэхдээ төрөл бүр нь бас өөр өөр.

Өвчлөхөөрөө зураасууд нь бүдгэрч бараг ялгагдахгүй болж, айсан үедээ өнгө нь улаан хүрэн болоод зураасууд нь үгүй болно. Харин хөөрч хөгжсөн үедээ зураасууд нь хурц тод болно. Тиймээс загасныхаа эрүүл мэндийг зураасаар нь ажил болох нь ээ.

Дискусын хүйсийг ялгахад нэлээд хэцүү, эр нь эмээсээ том, хослох үедээ эмд нь конус хэлбэрийн өндгөн эс, эрд нь бол үр дамжуулагч бий болно. Дискусын өнгө нь төрлөөсөө шалтгаалж өөр өөр. Хааны хөх дискус бол бүслэхийгээрээ тэнгэрийн цэнхэр байх бол улаан хөх дискус нь хөх өнгийн судалтай. Ногоон дискус болохоороо толгой, цээжин хэсэгтээ номин өнгө, харин хүрэн өнгөтэй бие нь шоколадан өнгө, жүрж шиг шар хослуулна.
Гэхдээ бүх төрлийн дискусын нүд нь улаан хүрээтэй.

Төрөл зүйлийг гаргаж авсан түүх

Дискусыг хамгийн анх Австралийн эрдэмтэн Йохан Наттерер Венийн байгалийн музейд ажиллаж байхдаа илрүүлжээ. Тэгээд тэр янз бүрийн орнуудад, ялангуяа Өмнөд Америкт энэ загасыг судлахаар шинжилгээний анги зохион байгуулжээ. 1817 онд Бразилд явж удаан хугацаагаар судалгаа хийж 1833 онд Рио-Негро мөрөнд үл мэдэгдэх загас байгаа тухай бичсэн байна. Улмаар 1836 онд амьдаар нь Венад авчирчээ.

Наттерерийг нас барсны дараа түүний ажлыг Ойхан Якоб Хекель үргэлжлүүлж дискусыг анх удаа тайлбарлан “Симфизисом” гэж нэрлэжээ. Хожим нь энэ загас шинэ нэртэй болсон нь грекийн дугираг зэвсгийг нэрлэдэг discus гэсэн үг байлаа.
1865 онд доктор Пеллегрин шинжлэх ухааны сэтгүүлд дискусын анхны өнгөт зургийг тайлбартайгаар нийтэлсэн байна. XIX зууны төгсгөл гэхэд ДИСКУС бие даасан төрөл зүйл болон тооцогдож урьдынхаараа Symphysodon aequifasciatus гэсэн нэртэй л байлаа.
1960 онд Америкийн загас судлаач Леонард Шульц өөр өөр шинэ төрөл байгааг нээсэн байна. Үүний дараагаар л аквариум сонирхогчид энэ загас руу хошуурч эхэлжээ.
Одоо дэлхийн олон улс оронд дискусын олон төрөл үржиж загас сонирхогчид энэ гайхамшигт сайхан өнгө, галбиртай загасыг сонирхсоор байна.

Сонирхолтой баримтууд:
-    Дискус нь тайван байх дуртай болохоор тэдэнд өөрийн орон зай хэрэгтэй. Тэгэхээр аквариум нь том, гүн байх нь зохистой байдаг
-    1932 онд загас сонирхогчид зөвхөн байгалийн нөхцөлд амьдардаг дискус  сонирхон үржүүлж байсан бол 60-аад оны эцэс гэхэд үржлээр шинэ шинэ төрөл зүйл, өөр өөр өнгийг гаргаж авчээ.
-    Дискус эцэг эх загас нь үр төлөө их халамжилдаг, хосоор амьдарч үр удмаа үлдээдэг амьтан юм
-    Дискус бол арьсан дээрээ бий болдог тусгай тэжээлийн зүйлээр зулзагаа тэжээдэг цөөхөн загасны нэг. Зулзага нь эхний долоо хоногтоо түүгээр хооллодог. Зулзаганууд эхэн үедээ эцэг эхээсээ хөндийрөхгүй байнга дэргэд нь сэлдэг.

Дискусыг хэрхэн арчлах вэ

Энэ гоёмсог загасыг аквариумд хэрхэн үржүүлэх вэ, гэхдээ асуудлыг амархаан шийдэж болно. Хамгийн гол нь амьдрах орчныг нь л зөв сайхан бүрдүүлэх. Ердөө л дискус чөлөөтэй сэлж хөвөх орон зай нь хангалттай байх хэрэгтэй. Насанд хүрсэн дискуст хамгийн багаар бодоход 40 литр ус шаардлагатай. Аквариумын өргөн хагас метрээс багагүй, дулаан нь 28-35 градус байхад болно. Дискус бол дулаанд дуртай загас.

Өөр нэг зүйл бол сайн гэрэлтүүлэг хэрэгтэй. Цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг болохоор элс нэг их чухал биш. Харин ийм өндөр температурт зохицох ургамал сонгох хэрэгтэй болно. Энэ нь криптокорин, өргөн навчит амазонк, босоо эхинодорус, оготор амазонка, хөвөгч папоротник гэх мэт байж болно.
Чулуу, хиймэл агуй, баримал байж болно.
 
Аквариум нь агааржуулагчтай, озоны генератор, хэт ягаан туяаны гэрэл байх хэрэгтэй. Ахуйн нөхцөлд усны 30-40 хувийг байнга, тусгай фермүүдэд бол 90 хувийг нь тусгай мэргэжилтэн өдөр бүр солих шаардлагатай. Усны хүчиллэг чанар нь 5,5-6,5 рН байна. Температур нь 27 градусаас доош буухгүй, тээвэрлэхдээ маш болгоомжтой байхгүй бол амархан үхэлд хүргэнэ.
Ихэнх загас сонирхогчид дискусыг амьд тэжээлээр тэжээж болохгүй, өвчлүүлж магадгүй гэж боддог. Амьд тэжээлийг формалины уусмалаар сайтар зайлж, эсвэл угааж хөргөөд хэрэглэнэ. Дэлгүүрийн хуурай тэжээл ашиглаж болно. Насанд хүрсэн дискусыг өдөрт гурван удаа, зулзагуудыг өдөрт 6-8 удаа хооллоно.

Дискус болон бусад загас

Дискусыг ер нь тусад нь аквариумд байлгах нь илүү зохимжтой. Халуун усанд бусад загас  тийм ч зохистой биш.  Нөгөө талаар дискус их удаан хооллодог загас болохоор өөр бусад загастай нэг аквариумд хамт байвал хагас өлсгөлөн үлдэж мэднэ.
Яахав дискусээ заавал хөрш найзтай байлгамаар бол голын том биш скат, сомик, бяцхан цихлид зэрэгтэй хамт байлгаж болно.

Дискусыг үржүүлэх


Загасны үржлийн үеэр элс, ургамалгүй тусгай аквариум бэлтгэх ёстой. Яахав навчит ургамал, чулуу байж болох. Усны хатуулаг нь 3-4 хувь, температур нь 30-32 байна. За ингээд хос загасаа хийгээд, амьд тэжээлээр дуртай үед нь бага багаар, өөрсдийн нь идэж амжих хэмжээгээр өгөөд бай.

Энэ загас ичимхий учраас хоол тэжээл өгөхдөө болгоомжтой байхгүй бол айлгаж сандрааж мэднэ.
Үржлийн ажил бүр орой болсон хойно эхэлж эм загас эрийнхээ 250 орчим түрсийг авна. Хосууд заримдаа эхний үр төлөө идчихдэг ч энэ нь давтагдахгүй. 2, 4 хоногийн дараа түрс амилж эцэг эх нь халамжилж эхэлнэ. Дөрөв хоногийн дараанаас зулзагууд сэлж, өөрөө хооллодог болно. Энэ үеэр усны 30 хувийг солих хэрэгтэй.

Эхний долоо хоногт зулзагууд эцэг эхийнхээ арьснаас ялгарах зүйлсээр хооллоно. Хэрэв эцэг эх нь үүнийгээ хүрэлцэх хэмжээгээр ялгаруулахгүй бол зулзагуудыг өндөгний шар нунтгаар хооллож болно.
Гурван сар болоод багачууд төрхөө олох ч өнгө нь бүдгэвтэр байгаад насанд хүрээд ирэхээрээ улам тодорно. Төрөл зүйл бүр нь өөр өөр боловч дискусын үржлийн нас 1,5-2 жил байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан