Ж.ЖАМУХА
Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сангаас гаргасан Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам сэдэвт судалгааны тайланд дурдсанаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс дунджаар 645 байсан бол хотын хамгийн их агаарын бохирдолтой хэсэг гэгддэг Баянхошуу орчмынх 2328 байсан. Тэгвэл үүнтэй уялдуулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимээс Баянхошуу, “Да Хүрээ”, “Нарантуул” зах, Зайсан орчим болон хотын төв гэсэн таван цэг сонгон авч, тухайн орчинд хоёроос дээш жил амьдарч буй хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тогтоосон байна.
Судалгаанд дээрх таван цэгт амьдардаг 7-10 насны 15 хүүхдийг хамруулсан бөгөөд Баянхошуу орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж хамгийн өндөр буюу 15.9-22.6 мкг/дл байсан бол Зайсан орчимд амьдардаг хүүхдийн цуснаас илрээгүй аж. Харин “Да Хүрээ” техникийн зах орчимд амьдардаг хүүхдүүдээс 5.7-10 мкг/дл, хотын төвийн хүүхдүүдээс 4.2-8 мкг/дл, “Нарантуул” зах орчимд амьдардаг хүүхдүүдээс 4-4.3 мкг/дл хэмжээтэй илэрчээ. Түүнчлэн, орон сууц, гэр хороололд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ харилцан адилгүй буюу орон сууцны хүүхдээс 3.7 мкг/дл илэрсэн бол гэр хорооллын багачуудаас 10.8 мкг/дл гарчээ.
Хар тугалга нь хүний биед нэвтрэн орж цочмог болон архаг хордлого үүсгэдэг, үйлдвэрлэлд өргөн ашигладаг хүнд металл, химийн элемент бөгөөд эл бодисоор хордох, эрсдэх магадлалтай хамгийн эмзэг бүлгийг бага насны хүүхэд хэмээн үздэг. Энэ нь тэдний бие махбодийн онцлог, амьдралын хэв маягаас шалтгаалдаг аж. Жишээ нь, дөнгөж төрсөн нярайн уушги 6-9 сарын хугацаанд эрхтэн болж төлждөг бөгөөд энэ хугацаанд хар тугалга зэрэг хүнд металл агуулсан бохир агаараар амьсгалах нь амьсгалын замын архаг үрэвсэл, уушгины хатгалгаа өвчний үндэс болоод зогсохгүй хожим уушгины хорт хавдар болох эрсдэлтэй байдаг. Дээрх судалгааны дүнгээс харахад Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ хамгийн их буюу 15.9-22.6 мкг/дл илэрсэн нь зохих хэмжээнээс даруй 3.3 дахин их байгаа аж. Хар тугалга хүний биед байх ёсгүй бөгөөд хүүхдийн цусанд 5 мкг/дл-аас дээш байх аваас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. Тухайлбал, оюуны чадамж буурч, сэтгэн бодох чадварт нөлөөлөхийн дээр биеийн өсөлт, сонсголд ч сөрөг нөлөөтэй байдаг. Мөн хүүхдийн цус багадалт, бөөрний өвчлөхөд нөлөөтэйн дээр мэдрэлийн үйл ажиллагаанд ч сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхдийн мэдрэлийн үйл ажиллагаа 0-3 насанд хамгийн эрчимтэй хөгждөг бөгөөд энэ үед хар тугалгад хүчтэй өртвөл үеийнхнээсээ сэтгэн бодох чадвараар дорой, өөрийгөө илэрхийлэх чадвар муу, өсөлт хөгжилт нь удаан цаашлаад оюуны хомсдолтой болдог аж. Зарим тохиолдолд хар тугалгын бохирдолд бага хэмжээгээр өртөхөд мэдрэл, зүрх судас, бөөр, хоол боловсруулах эрхтэн, цусны эргэлт, нөхөн үржихүй зэрэг олон эрхтэний системийг хордуулдаг. Тиймээс дээрх шинжилгээг хийсэн эмч, мэргэжилтнүүд монгол хүүхдийн цусан дахь хар тугалгын суурь хэмжээг тогтоож, яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байна. Хоол хүнс, ундны ус гэхчлэн хар тугалгын олон эх үүсвэр байдаг ч дээрх судалгааны дүнгээс харахад агаарын бохирдол ихтэй цэгт амьдарч буй хүүхдүүдийн цусанд их хэмжээгээр илэрсэн нь хөдлөшгүй нотолгоо гэсэн юм. Тиймдээ ч судалгаа хийсэн багийнхан голлон нөлөөлж буй хүчин зүйлийг агаарын бохирдол хэмээн урьдчилсан дүгнэлт гаргажээ.