Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ган-Өлзий эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа хүн аж. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэж яваад бэртсэн байна. Улмаар нийслэлийн Засаг даргаар дамжуулан гадаадад сайн дурын, үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг эмнэлэгт эмчлүүлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулздаг ээлжит уулзалтад тэрээр ирж талархсанаа илэрхийлэв.
Мөн монголын донорын холбооны ерөнхийлөгч, хүндэт донор М.Сосорбарам, хүндэт донор н.Отгон нар ирж, тус холбоо хэрхэн яаж үйл ажиллагаагаа явуулдаг талаар нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Тэдний зүгээс донорын холбооны үйл ажиллагааг нийслэлд идэвхжүүлэн сайжруулах, төсөл хөтөлбөрүүдийг дэмжихийг хотын даргаас хүссэн.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлээд “Та бүхэн НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулаад хэрхэн яаж ажиллахаа тохиролцох хэрэгтэй. Зөвхөн санхүүжилт гэлтгүй зар сурталчилгаа хийх, залуучуудын идэвхийг сайжруулах, төр захиргааны байгууллагуудыг хамруулах зэргээр энэ онд хамтран ажиллах нь зүйтэй” гэв.
Уулзалтад ирсэн иргэн Г.Эрдэнэбаатарын хувьд цахилгааны хэмнэлттэй усан халаагуурын төхөөрөмжөө хотын дарга болон холбогдох албаны хүмүүст танилцуулаад агаарын бохирдлыг бууруулах зорилготой энэ төслийг хууль эрх зүйн хүрээнд дэмжих хэрэгтэй байгааг хэлж байлаа.
“Төр захиргааны байгууллагуудын гол туслах зүйл бол иргэдэд таниулах, хүргэх, сурталчлан дэмжих явдал юм. Энэ зундаа багтааж халаалт, дулаалгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид уулзаж тодорхой шийдэлд хүрэх зорилго тавьсан. Та бүхэнд боломж бий. Тиймээс технологио сайжруулаад нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газартай хамтраад идэвх санаачлагатайгаар ажиллах хэрэгтэй” хэмээн Засаг дарга С.Батболд хэлсэн юм.
“Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын тэргүүн Л.Бат-Өлзий “Эко-парк төсөл”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээг дэмжих ААН-үүдтэй гэрээ байгуулсан тухайгаа танилцуулсан бол 2002 онд өмч хувьчлалаар Чингэлтэй дүүргийн 150 ортой эмнэлгийн барилгыг худалдан авсан иргэн З.Батбаатар өнөөг хүртэл газрын асуудлаа шийдүүлж чадаагүй, төрийн албаны хүнд албаны хүнд сурталтай тулгарсаар байгаагаа энэ үеэр хотын даргад дуулгав.
“Баянгол дүүргийн иргэн Г.Нямдаржаагийн ““Богд ар” хороололд сургууль, цэцэрлэг одоо хүртэл баригдахгүй байгаа ч зөвшөөрөлгүй барилга баригдаж байна” гэх гомдлын хариуд Засаг дарга С.Батболд “Миний бие орон сууцны хороолол дунд дахин барилга бариулахгүй гэсэн захирамж гаргасан. Орон сууцны хороолол дунд сургууль, цэцэрлэгээс өөр зориулалтаар барилга бариулахгүй гэдгийг хэлмээр байна” гээд “Энэ асуудлыг нэг тийшээ болгож зөвхөн зориулалтын барилгыг бариулах ёстой” гэдгийг холбогдох албаныханд анхааруулав.
Тэгвэл Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан жил гаруй хохироод байгаа 85 өрхийг төлөөлж ирсэн иргэн Л.Алтанцэцэг “Анх “Их өргөө” компани гэрээ хийж айл өрхүүдийг нүүлгэсэн боловч одоо болтол барилгын ажил эхлүүлээгүй. Газраа чөлөөлсөн айлууд өнөөдөр хүнд нөхцөлд амьдарч байна” хэмээв.
Уг асуудлыг анхааралдаа авч, 85 айлын асуудлыг яаралтай шийдэх болно гэдгээ Засаг дарга хэлээд “Их өргөө компанийн удирдлагуудтай өөрийн биеэр уулзаж цаашид уг компаниар барилгын ажлыг үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх болно” гэв.