Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Бүргэдийн анчин” баримтат кино мөн үү


Б.СЭВЖИДМАА

Алс баруун хязгаарт амьдардаг казах охин Айшолпаны амьдралыг харуулсан баримтат кино өнгөрсөн намраас эхлэн олон улсын театраар гарч эхэлсэн. “Sundance” тэргүүтэй кино наадамд оролцож, Оскарт нэр дэвшихээр урьдчилсан шалгаруулалтад хүртэл тэнцсэн энэ кино арван хэдхэн настай охин нас биед хүрсэн эрчүүдэд л уламжлан ирсэн бүргэдийн анг чадмаг хийж сурсан ер бусын түүхээрээ үзэгчид болоод кино мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм. Кино ертөнцийн хамгийн том хоёр наадам Оскар, БАФТА удахгүй болох гэж байгаа энэ үед баримтат киноны төрөлд нэр дэвшсэн “Бүргэдийн анчин”-гийн тухай  ВВС-гийн цахим хуудаст дараах нийтлэл гарчээ. Найруулагч Отто Белл үзэгчдийн сонирхлыг татахын тулд баримтат киногоо анхнаас нь зохиомжилж, гол дүрийн баатраа жүжиглүүлсэн гэх шүүмжлэлийн тухай энд өгүүлжээ. Ийм утгатай нийтлэл “Financial Times”-т ч хэдхэн хоногийн өмнө нийтлэгдсэнийг дурдах хэрэгтэй. Харин энэ удаа “Тэд бидний тухай” булангаар “ВВС News”-т Стифен Мулвэйгийн бичсэнийг хүргэе.

Эгэл жирийн казах охин алтан бүргэдээр хэрхэн ан ав хийж сурч буйг өгүүлэх “Бүргэдийн анчин” баримтат киноны талаар олны санал бодол хоёр хуваагдаад байна. БАФТА буюу Британийн кино наадамд нэр дэвшихээр шалгарсан ч Оскараас мултарсан нь энэ кино анхнаасаа тавилттай байж гэсэн сэтгэгдэл зарим үзэгчдэд төрснөөс болсон байж магадгүй.

Гэвч тус киноны найруулагч Отто Белл киноны зохиолыг анхнаас нь бичсэн, гол баатар нь кинонд зориулж сургуулилсан, жүжиглэсэн гэх бүх яриаг няцааж байна.

“Бүргэдийн анчин”-гийн түүх маш энгийн. Киноны гол баатар, 13 настай, улаан хацартай жаахан охин Айшолпан Нургайв зөвхөн эрчүүдэд уламжилж ирсэн бүргэдээр ан хийх зан үйлд суралцахаар аавыгаа даган морин дэл дээр давхиж явсаар Монголын баруун хязгаарт уламжлал болсон бүргэдийн анчдын тэмцээнд түрүүлж, хүн бүрийг гайхашруулна.  Киноны хөгжим ч сэтгэл хөдөлгөм. “Чи юу ч хийж чадна” гэх киноны дууг поп од Сиа амилуулсан нь киноны төгсгөлд эгшиглэх бөгөөд өгүүлэмжийг “Оддын дайн”-ы жүжигчин Дэйзи Ридли уншжээ.
Киног үзсэн нэгэн шүүмж­лэгч “үлгэрийн барим­­тат ки­но” гэж төдий л хэрэглээд бай­­­даггүй үгээр “Бүргэдийн анчин”-г тодорхойлсон нь “Бодит байдал гэхээс илүү зохиол” гэсэн санааг илэр­хийлжээ.

“Эмэгтэйчүүдийн хүч чадлын тухай улиг бол­сон санааг гүйцэд боловсруулаагүйн дээр урь­даас бэлтгэсэн, хиймэл зо­хиомж­­­­­­той. Казах нүүдэлчдийн тухай хангалттай өгүүлж чадаагүй. Тийм ч учраас хоёрдугаар зэрэглэлийн Диснейн хүүхэлдэйн киноноос нэг их ялгаагүй” хэмээн өөр нэгэн шүүмжлэгч бичжээ.  
Киног анх цацагдах үед гол баатар Айшолпаныг эрчүүд ноёлсоор ирсэн 2000 жилийн түүхтэй уламжлалыг сөрж, анх удаа бүргэдийн анчин болсон эмэгтэй гэж сурталчилж байв. Гэвч энэ сурталчилгаа үнэнээс зөрүүтэй гэж АНУ-ын түүхч Адриен Мэйор хэлж байна. Айшолпаныг казах удмынхаа 12 үеийн түүхэн дэх анхны бүргэдийн анчин эмэгтэй гэж кинонд өгүүлдэг нь бүргэдээр ан хийж байсан бусад эмэгтэйг үгүйсгэж, үзэгчдэд  зохиомол сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Адриен Мэйорын хэлснээр бүргэдээр ан хийж сурах нь бүх охидод нээлттэй аж.
Найруулагч Отто Беллд кино хийх санаа анх Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденскигийн авсан Айшолпаны гэрэл зургийг ВВС-гийн цахим хуудсаас хармагц төржээ. Тэр үеэс Отто Белл Айшолпаны гэр бүлийг хайж, тэднийд очсон эхний өдрөө л киноныхоо эхний сценийн зургийг авсан гэнэ. Охин аавтайгаа хамт хаданд авирч, бүргэдийн үүрнээс ангаахайг нь авч буй зургийг Отто тэр өдөр авчээ. Уяагаар бэхэлсэн охиноо аав нь хаднаас буулгаж буй тэр дүрслэл бол энэ баримтат киног тавилттай гэж хардахад хүргэсэн зургуудын нэг юм. 

Харин Отто Белл үүнийг няцааж байна. “Бүргэдийн үүрнээс ангаахайг нь авч буй зургийг ганц л удаагийн оролд­логоор авсан гэдгийг хүмүүс сонсоод гайхдаг. Гэх­дээ би яг л спортын тэм­цээн шууд дамжуулж буй мэт ажил­­­­лаж чадсан. Би өмнө нь зар сурталчилгаанд ажиллаж бай­сан туршлагатай” гэсэн юм.

Үзэгчид болон шүүмжлэгч­дийг эргэлзүүлсэн өөр нэг сцен нь Айшолпаны аав Агалай өндөр настай эцэгтэйгээ гэрийнхээ гадаа ярилцаж буй зураглал юм. Хоёр эрийг ярилцаж суух үед камерыг эргүүлж, Айшолпаныг дуу­дан ирүүлж байгааг харуул­­сан нь энэ дүрсийг анх­наас нь төлөвлөсөн байжээ гэх хардлага төрүүлсэн юм. Ха­рин Отто Белл үүнийг үгүйс­гээд зөвхөн Айшолпаны ааваас гадаа ярилцаж болох уу гэж асууснаас урьдчилан бэлтгээгүй гэж хэлсэн юм.

Энэ мэтчилэн шүүмжлэгч­дийн дургүйцлийг төрүүлсэн бас нэг сценийн тухай Тим Роби “Telegraph”-т бичсэн нь бүргэдийн анчдын тэмцээн болох гэж байгаа тухай радиогийн мэдээ Айшолпаны гэрт хүртэл сонсогдох үед охин тэмцээнд оръё гэж ээж аавыгаа гуйж буй дүрслэл аж. Энэ бол яах аргагүй анхнаас нь зохиомжилсон түүх гэж шүүмжлэгчид үзэж байна.

Кино шүүмжлэгч Найжел Эндрьюс “Financial Times”-т бичихдээ киноны үйл хөдлөл, харилцан яриа нь бага зэрэг зохиомжтой мэт санагдсан гэжээ. Тэрээр түүхч Адриен Мэйорын хэлсэнчлэн эмэгтэй хүн бүргэдээр ан хийх тухайд зөвхөн эсрэг үзэл бодолтой ахма­дуудыг Отто Белл Казахстан, Киргизстанаас хайж олоод кинондоо оруул­­­сан гэж үзэж байгаа аж.  Түүнчлэн Айшолпаныд өм­нө нь очиж байсан энэ кино­ны хамгийн хүчтэй шүүмжлэгчдийн нэг Канадын аялагч Меган Фиц Жэймсийн хэлснээр Айшолпаны бүргэдийн баярт бэлтгэж буй сургуулилтыг үнэндээ баяраас гурав хоногийн дараа авсан бөгөөд зураг авалт бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн гэнэ.

Гэхдээ бяцхан охинд байгаа хүч чадлыг нээн харуулсан нь яах аргагүй кинонд гаргах ёстой сэдэв мөн бөгөөд хэрэв Айшолпаны ертөнцийг дэлгэхгүй байх нь харин ч ичгүүртэй хэрэг гэж үзэх шүүмжлэгч ч байгаа юм. Кинонд харуулсан түүх  нэмэлт хачиргүй үнэн гэж Айшолпан өөрөө баталж байна.

“Би 10 наснаасаа бүргэ­дээр ан хийж сураад, аавтай­гаа хамт уул руу явдаг бол­сон. Тэгээд л бүргэдийн анчин болмоор байгаагаа аавдаа хэлсэн” гэж тэр ВВС-д ярилцлага өгөхдөө хэлсэн юм. Энэ бол Свиденски Монголд ирэхээс хоёр, гурван жилийн өмнөх явдал бөгөөд охин бүргэдтэй сургуулилаад зогсохгүй, аль хэдийнэ ан хийгээд эхэлсэн байж. Тэр бас эмэгтэй хүн ан хийж чадахгүй, гэртээ суусан нь дээр гэж эрчүүд боддог нь үнэн гэж ярьсан юм. “Эмэгтэйчүүдийн чадварт эргэлзсэн эрчүүдийн энэ шахалт харин ч надад хүч, зориг өгсөн” гэж тэр хэлж байна. Зарим нэг үзэгч түүний “Охид хичээвэл юу ч хийж чадна” гэж хэлсэн үгийг нь цаанаасаа зааж өгсөн байх гэлцэж байсан ч Айшолпан ярилцлагынхаа үеэр ч “Эрчүүдийн тэмцээнд түрүүлж, эмэгтэй хүн ямар хүчтэйг харуулсандаа баярладаг” гэж хэлсэн юм.

Нас биед хүрсэн эрчүүдийн тэмцээнд түрүүлсэн охин яаж өөрөөрөө бахархахгүй байх билээ. Магадгүй энэ кино тавилттай байж болох ч эмэгтэйчүүдэд урам зориг өгөх утга агуулгыг нь, Айшолпан өөрөө үнэхээр киноны дүр болохуйц үнэ цэнэтэй баатар гэдгийг нь түүхч Адриен Мэйор хүлээн зөвшөөрсөн юм. “Охины зүрх зориг, ур чадвар үнэхээр биширмээр. Кино хийхэд хангалттай” гэж тэр хэлсэн юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан