Б.СЭВЖИДМАА
ОХУ иргэддээ Алс Дорнодын газрыг эзэмшүүлж эхэллээ. Ерөнхийлөгч В.Путин хүн ам сийрэг Алс Дорнодыг хөгжүүлэх бодлогын хүрээнд иргэдэд 10 мянган ам.метр газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сард баталсан юм. Уг хөтөлбөрийн дагуу энэ сарын 1-нээс онлайнаар газар өмчлөх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Оросын өнцөг булан бүрээс 48 мянган хүн хандаад байна.
Тэдэнд Якут, Камчатка, Чукотка, Приморье, Хабаровск, Амур, Магадан, Сахалинд газар өмчлүүлэх юм.
Газар өмчлөлийн хөтөлбөрийг сонирхож буй хүмүүсийн дунд судалгаа явуулахад 28 хувь нь шинэ газартаа байшин, сууц барьж амьдрах хүсэлтэй байгаа бол 17 хувь нь газар тариалан, фермерийн аж ахуйн чиглэлээр ашиглах төлөвлөгөөтэй аж. Харин долоон хувь нь зочид буудал барьж, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой гэдгээ дурджээ.
Үнэгүй өмчлүүлсэн газрыг ямар ч зорилгоор ашиглаж болох бөгөөд таван жилийн дотор зарах, түрээслүүлэхийг хориглох юм байна.