Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “CRRC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын төрийн өмчийн “China Railway Rolling Stock Corporation” буюу “CRRC” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Бээжин хотод төвтэй, “CRRC” компани нь өндөр хурдны галт тэрэг, тарамвай, метро, зүтгүүр, галт тэрэгний үйлдвэрлэл, засвар үйлчилгээний эд ангиудыг зах зээлд нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч, туршлагатай компаниудын нэг юм.Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн 9 сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан "Дэлхийн тогтвортой тээврийн форум" олон улсын хуралд оролцох үеэрээ “CRRC” компанийн удирдлагуудтай уулзаж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, тодорхой чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ удаа “CRRC” компанийн төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, хоёр талын төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд дахин санал солилцож буй нь энэ юм.Уулзалтын эхэнд салбарын сайд Б.Дэлгэрсайхан “CRRC” компанийн төлөөлөгчдыг Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж, хоёр улсын тээврийн салбарын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэн сайжруулах, тэр дундаа зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй галт тэргийг цөөн тоогоор боловч боломжит үнээр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр санал солилцох зэрэг хэд хэдэн чиглэлд уулзалт зохион байгуулах, төмөр замын үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.Мөн Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн үйл ажиллагаатай танилцах, тэр дундаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил хийгдэх газрын байршил, инженерийн байгууламжууд явах маршруттай танилцахыг хүслээ. Энэ долоо хоногийн дундуур дахин уулзаж эдгээр ажлын үр дүнгээ дүгнэх, цаашдын ажлаа төлөвлөх хүсэлтэй байгаагаа уламжлав.Уулзалтад “CRRC” компанийн Инженер технологийн алба, Хотын тээвэр төлөвлөлт, Гадаадын бизнес хэлтэс, Олон улсын бизнес хэлтэс, зураг төслийн хүрээлэн зэрэг олон байгууллагын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, санал солилцлоо. Тухайлбал, “CRRC” компанийн Ерөнхий менежер Юи Жихон, “CRRC” компанийн Хотын тээвэр хариуцсан орлогч дарга, ерөнхий менежер Ван Шуеганг, “CRRC” компанийн Бизнесийн хэлтсийн захирал Ленг Юу, “CRRC” компанийн Инженер технологийн компанийн Маркетингийн хэлтсийн дэд захирал Жао Шингнан, “CRRC” компанийн Гадаадын бизнес хэлтсийн инженер Жэнг Жиапин, “CRRC” компанийн Ерөнхий менежерийн орлогч Линь Шихань, Олон улсын бизнес хэлтсийн захирал Джу Юнхой, “CRRC” компанийн Хотын тээврийн төлөвлөлт болон зураг төслийн хүрээлэнгийн компанийн Хотын тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Вэй Чанхай, мэргэжилтэн Дун Чжэнь нар хүрэлцэн ирсэн байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан