Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуусыг төрийн албаны нээлттэй ажлын байранд урив

Ж.ЖАМУХА

Эцэг эхийнхээ хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгийг их, дээд сургуулийн төлбөрт өгч, дээд боловсролын диплом өвөртөлж хоцорсон ажилгүйчүүдийн “арми” өдрөөс өдөрт өргөжсөөр. Энэ нь эцэстээ эрэлтээ давсан нийлүүлэлт болж, үүнийг дагаад мэргэжил эзэмшсэн ажилгүй залуусын дунд төрийн албанд орно гэдэг тэнгэрийн ундаг атгасантай адилтгаж болохуйц зүйл болсон нь нууц биш.

Үүний улмаас “Төрийн алба төрлийн алба боллоо” хэмээн халаглах хүн ч олширч. Энэ нь ч үнэний ортойг ээлжлэн төр барьж буй хоёр намын халаа сэлгээнээс харж болно. Угаас зах зээлд шилжсэнээс хойш төрийн албаны томилгоо дөрвөн жилийн циклтэй болсон нь үнэн. Дээр нь, хуучин нийгмийн үеэс хойш төрийн албаны орон тоо нээлттэй зарлагдсан удаагүй. Түүх сөхвөөс Улаанбаатар хотыг нэгдсэн төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх ажил 1938 оноос эхэлж, 1961-1990 оны хооронд хэрэгжсэн бөгөөд “их бүтээн байгуулалтын” гэгддэг энэ он жилүүдэд гурван ч удаа мэргэжилтэй боловсон хүчний дунд төрийн албаны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байв. Тухайлбал, 1940, 1975, 1986 онуудад залуу боловсон хүчнийг төрийн албаны ажлын байранд урьж, нээлттэй байдлаар сонгон шалгаруулж байсан удаатай. Харин өнөөдөр их, дээд сургууль дүүргэсэн ч ажлын байргүй залуус олширчээ. Сурч боловсорсон ажил мэргэжлийнхээ хэргийг гаргаж, эх орондоо хэрэгтэй, эцэг эхдээ нэмэр тустай явахыг битүүхэн дотроо боддог ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, тэр дундаа төрийн албанд орно гэдэг залуусын хувьд “шүдний өвчин” болсон асуудал. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан гадаад, дотоодын их, дээд сургуульд мэргэжил эзэмшсэн залууст эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, төрийн албанд ажиллах алдаж болохгүй боломж олгосон нь өчигдөр болсон төрийн албаны нээлттэй ажлын байрны өдөрлөг байв.

НЗДТГ-ын харьяа нийт 33 агентлагийн 21 нь оролцсон эл өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” худалдааны төв дэх салбарт болж, нийт дөрвөн чиглэлд, 26 ажил мэргэжлийн 77 орон тоо бүхий нээлттэй өдөр­лөг зохион байгууллаа. Тухайл­бал, хотын хөгжлийн инженерчлэл, олон нийтийн бодлого боловсруулалт, хотын хүрээлэн буй орчныг сайж­руулах бодлого боловсруулалт, санхүү, эдийн засгийн бодлогын менежент гэсэн дөрвөн чиглэлээр 21 агентлаг тус бүр харилцан адилгүй орон тоо бүхий нээлттэй ажлын байр зарласан юм.

Харьяа агентлагуудаас хамгийн олон ажлын байр санал болгосон нь Нийслэлийн эрүүл мэндийн газар байж нийт 43 ажлын байранд залуусыг бүртгэсэн юм. Мөн Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар 19, Нийслэлийн захирагчийн ажлын алба тав гэхчлэн харилцан адилгүй байсан бөгөөд зам, барилгын инженер, хот төлөвлөлтийн менежер, мэдээллийн технологийн инженер зэрэг ажил мэргэжлүүд хамгийн эрэлттэйд тооцогдож байв. Өдөрлөгт оролцсон зарим агентлаг дунд бэлэн ажлын байр санал болгоогүй ч явцын дунд бий болох орон тоонд залуусыг бүртгэж, мэдээллийн сан үүсгэх нь ч байв.

Ихэвчлэн нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлагдсан учир идэвхтэй ажил хайж буй залууст олдох боломж нь төдий чинээ нэмэгдэж байгаа нь өдөрлөгийн үеэр харагдлаа. Тухайлбал, Нийслэлийн тээврийн газраас өдгөө хэрэгжиж эхлээд буй BRT буюу тусгай замын автобусны инженер, техникийн ажилтан шалгаруулж авахаар санал болгосон бөгөөд уг мэргэжлийн боловсон хүчин харьцангуй цөөн байдаг аж. Өдөрлөг зөвхөн ганц өдөр үргэлжилсэн ч нээлтийн үйл ажиллагааны үеэр 1000 гаруй хүн цугласан нь иргэдийн идэвх өндөр байгааг харуулж байв. Түүнчлэн, зохион байгуулагчдын зүгээс мэргэжлээрээ төрийн албанд ажиллах хүсэлтэй залуус www.ulaanbaatar.mn цахим хуудсанд хандаж, “нээлттэй ажлын байр” гэсэн хэсэгт бүртгүүлэх боломжтойг ч хэлж байв. Уг цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 30-наас эхлүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалт хийгдэх хүртэл бүртгэл явагдах юм.

Өдөрлөгийн нээлтэд оролцсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн орчны агаар, нутаг дэвсгэрийн хөрсний бохирдлыг арилгах, ундны цэвэр ус, цахилгаан дулаан, эрчим хүчний хангамж, орон сууцны хорооллуудын инженерийн шугам сүлжээ, автозамын хөдөлгөөн, хот тохижилтыг сайжруулах, тө­лөв­лөх, цэвэрлэх байгуу­лам­­жийн хүчин чадлыг нэмэг­дүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх гээд тулгамдсан асуудал олон бий.
2013 онд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Өнөөдөр энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд өндөр мэдлэг чадвартай боловсон хүчний хэрэгцээ шаардлага өндөр байна. Ирэх жилүүдэд дагуул хотуудыг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэр, технологийн паркууд байгуу­лахаар төлөвлөж байна. Гэр хорооллыг зөв үзэл баримтлал, төлөвлөлтийн дагуу хөгжүүлж, иргэдийг боломжийн үнэтэй орон сууцтай болгох шийдэл бүхий дахин төлөвлөлтийг системтэйгээр хэрэгжүүлнэ. Нийс­лэл хотын бүтээн байгуу­лал­тад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг ажлын байрны өдөрлөгт он­лай­­наар холбогдон, өргө­нөөр оролцохыг урьж байна” гэв.


Н.Ариунжаргал: Хувийн хэвшилд орон тоо цөөн учир төрийн албанд ажиллах сонирхол их байдаг

Өдөрлөгт оролцсон иргэдийн төлөөлөл болгож ШУТИС-ийг сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төгссөн Н.Ариунжаргалтай ярилцлаа.

-Өдөрлөгийн үеэр зарлагдсан нээлттэй ажлын байрнууд дунд өөрийн тань мэргэжлийн эрэлт хэр байна?
-Нэлээн явж үзлээ. Яг сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дөрвөн ажлын байр л зарлагдсан байна.

-Төрийн албаны орон тоог нээлттэй байдлаар зарлаж буйн хувьд эл өдөрлөг онцлог болж байна. Өөрийн тань хувьд сургууль төгссөнөөс хойш мэргэжлээрээ ажил хайж үзэв үү?
-Эрчим хүчний яам болон Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд ажиллах сонирхолтой байсан ч яг сул орон тоо байхгүйн дээр ажлын туршлага заасан байсан. Миний хувьд баклавраар сурч төгсөөд шууд магистрт орсон болохоор ажлын туршлага гэх юмгүй л дээ. Мөн ганц нэг сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төсөл хөтөлбөр судалж үзсэн ч ихэвчлэн хөдөө орон нутагт ажиллах юм билээ. Манай ажил мэргэжил хөдөө гадаа их явдаг учир эмэгтэй хүнд жаахан хүнд хүчир ажилд тооцогддог. Тиймдээ ч төрийн албанд орох сонирхол их байна. Ямартай ч, анх удаа төрийн албаны нээлттэй ажлын байр санал болгож байгаа нь залуус бидэнд алдаж болохгүй сайхан боломж болж байна.

-Энэ өдөрлөгт зарлагдаж буй ажлын байрууд турш­лага заагаагүй ч гадаадад сургууль төгссөн бол давуу тал болно гэж байна?
-Мэдээж гадаадад мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно л доо. Гэхдээ мэргэжлийн багш нар хийгээд энэ чиглэлээр олон жил ажиллаж буй хүмүүс манай сургалтын чанар гадны их, дээд сургуулиудаас нэг их дутах­­гүй гэдэг. Тиймээс хэлтэй бол давуу тал болж байгаа байх.

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр заавал төрийн алба гэлтгүй хувийн хэвшилд ч ажиллах боломж их байгаа санагддаг?
-Тийм л дээ. Гэхдээ ихэнх төсөл хөтөлбөрүүд нь зогсонги байдалтай, хөрөнгө оруулалтгүй байна. Байнгын ажлын байртай байх тал дээр учир дутагдалтай санагддаг. Дээр нь хувийн хэвшил болсон хойно орон тоо цөөхөн шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан