Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Амьсгалын замын цочмог халдварт өвчний дэгдэлт ихэсч, эмч, эмнэлгийн байгууллагуудын ачаалал өндөр байгаатай холбогдуулж Хэвлэлийн хүрээлэнгээс эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион явууллаа. Хэлэлцүүлэгт Улсын II төв эмнэлгийн их эмч, халдвар судлаач Ц.Уянга, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Нян судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Т.Одгэрэл, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн захирал Ц.Алтантуяа, “Оточ маарамба” эмнэлгийн захирал, доктор профессор Г.Чойжамц тэргүүтэй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Эмч нар хэлэхдээ энэ жил ханиад томуу, хатгаа өвчний тархалт их байгаа нь хэд хэдэн шалтгаантай гээд нөгөө талаас эцэг эхчүүд дур мэдэн эмчилгээ хийх, вирусийн гаралтай өвчний үед антибиотик хэрэглэх, нянгийн гаралтай өвчлөлд антибиотикийн эмчилгээг буруу хийснээс өвчлөлийг улам даамжруулж байгааг онцолж байв. Түүнчлэн, өнгөрсөн жил улаанбурхан өвчний дэгдэлт их байсан нь амьсгалын замын өвчлөл нэмэгдэх, газар авахад нөлөөлж байгааг ч хэлж байлаа. Мөн нийт өвчлөлийн 60-70 хувийг бага насныхан, тэр дундаа 0-5 насныхан эзэлж байгаа нь агаар, орчны бохирдлын нөлөө байгааг ч үгүйсгэхгүй гэв. Төрөөд удаагүй нярайн уушги бүрэн бойжиж төлжихөд зургаан сарын хугацаа шаарддаг бөгөөд энэ үед нь агаарын бохирдол ихтэй орчинд байлгах нь дархлааг дарангуйлж, уушгины бойжилт хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг. Дээр нь антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж хүүхэд багачуудыг багаас нь нянгийн эсрэг дархлаагүй болгож байгаа аж. Тиймдээ ч уушгины хатгалгаа өвчнөөр өвчлөх нярайн тоо улам бүр нэмэгдэж байна гэлээ.
Г.Чойжамц: Одоо хэрэглэж буй бүлэг антибиотикт вирусийн гаралтай өвчин эдгээх эм байхгүй
Уулзалт хэлэлцүүлгийн эхэнд “Оточ маарамба” их сургуулийн захирал Г.Чойжамц антибиотикийн хэрэглээний талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Дэлхий нийт 1940 оны дунд үеэс антибиотик хэмээх бүлэг эмийг хэрэглэж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд нянгийн шалтгаантай өвчлөлийг эмчлэхэд хувьсал хийсэн гэдэг. Антибиотикийг нээх хүртэл хүн төрөлхтөн нянгаар үүсгэгдсэн элдэв өвчний улмаас мянга мянгаараа амь үрэгдэж байв. Антибиотик хэрэглээнд нэвтэрснээс хойш анагаах ухаанд 100 орчим нэр, төрлийн антибиотикийг практикт ашиглаж байснаас 50 гаруйг нь одоо хэрэглэхээ больсон байна. Өдгөө 40 орчим антибиотик хэрэглэж байгаа ч замбараагүй, зохисгүй хэрэглээнээс үүдэж нян антибиотикт тэсвэртэй болж улмаар дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байна.
Товчхондоо, антибиотикийг хамрын ханиад, шуухитнаа төдий өвчлөлд эмчийн заавар зөвлөгөөгүй, замбараагүй хэрэглэснээс нян антибиотикт дасал болж байгаа юм. Хэрэглэх шаардлагагүй үед хэрэглэх, нэгэнт хэрэглэсэн өвчтөн хэрэглэх хугацаандаа бүрэн хэрэглэхгүй байх, тунг ихэсгэж багасгах зэрэг нь антибиотикт агуулагдаж буй химийн бодисыг нян эсэргүүцэх, эсрэг үйлчилгээтэй бодис ялгаруулах, тэсвэртэй болох шалтгаан болдог байна. Тиймээс эцэг эхчүүд эмчийн зөвлөгөө зааваргүй, дур мэдэн антибиотик хэрэглэх нь хүүхдийнхээ дархлааг бага багаар үгүй хийж, нянг антиотикт тэсвэртэй болгож байгаа хэмээн эмч мэргэжилтнүүд онцолж байв. Томуу, томуу төст өвчин вирусийн гаралтай бөгөөд одоо хэрэглэж буй бүлэг антибиотикт вирусийн гаралтай томууг эдгээх эм байхгүй гэсэн юм.
Тиймээс иргэн, эмч, эмнэлгийн байгууллага, эмийн сангууд антибиотикийн зохистой хэрэглээнд анхаарал хандуулахгүй энэ чигээр байвал 2050 он гэхэд антибиотикийн төрлийн эмний үйлчилгээ үгүй болж, нянгийн гаралтай өвчлөлүүдийг эмчлэх аргагүйд хүрнэ хэмээн Г.Чойжамц онцолж байв.
Т.Одгэрэл: Антибиотик эмчилгээг заавал эмчийн жороор хийх ёстой
Лабораторийн шинжилгээгээр аливаа антибиотикийн мэдрэг чанарыг судалж байж аль тохирохыг нь өвчтөнд олгодог. Харин манайд энэ чиглэлээр хэрхэн ажилладаг талаар ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Т.Одгэрэл хэлэхдээ “Нян судлалын шинжилгээнд антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлдог тул тухайн нянг өсгөвөрлөдөг.
Хэрэв эмгэг төрөгч нян мөн бол мэдрэг чанарыг тодорхойлдог бөгөөд олон улсад хэрэглэж буй диск нэвчүүлэх аргаар ямар антибиотикт тэсвэртэй, мэдрэг байгааг тогтоож, эмчилгээний тактик боловсруулдаг. Энэ нь эмчилгээний арга барилыг тодорхойлж, халдварыг таслан зогсооход ямар арга хэмжээ авах шаардлагатайг хэлж өгдөг” гэв. Уламжлалт аргаар шинжилгээ хийхэд 24 цагийн дараа өсгөвөр гарч, 72 цагийн дараа ямар антибиотик хэрэглэх боломжтойг тогтоодог учир иргэд шинжилгээ өгөхөд хойрго хандаж, дур мэдэн хэрэглэдэг аж. Угтаа антибиотик эмчилгээг заавал эмчийн жороор хийх ёстой бөгөөд жорыг лабораторийн шинжилгээнд суурилан хийх шаардлагатай аж. Манай эрүүл мэндийн салбарт шинжилгээний хугацааг багасгахад чиглэсэн багагүй ажил хийгдэж байгаа ба өнөөдрийн байдлаар 24 цагаар бууруулаад байна гэв.
Ц.Алтантуяа: Хүүхэд 38 хэм хүртэл халуурч байгаа үед яаран антибиотик хэрэглэх шаардлагагүй
Үйлчлэх хүрээ, хүчин чадлаас нь хамаарч антибиотикийг 1-4 гэсэн ангилалд хамруулдаг аж. ЭХЭМҮТ-ийн дэд захирал Ц.Алтантуяагийн хэлж буйгаар тус төвд өнгөрсөн оны байдлаар 17 мянган хүүхэд хэвтэн эмчлүүлснээс 9805-д нь сорьцийн шинжилгээ хийснээс 15.7 хувьд нь өсгөвөр ургаж, антибиотикт мэдрэг чанарыг нь хэмжсэн байна. Антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотой шинжилгээнд хамрагдсан хүүхдүүд эмнэлэгт ирэхдээ гэрээр 1-2 төрлийн антибиотик хэрэглэсэн байдаг аж. Тиймээс антибиотикийг тохирсон өвчлөлд, зөв тунгаар хэрэглэх ёстойг эмч нар онцолж байна. Ялангуяа хүүхдийн өвчлөлд хэрэглэхдээ жинд нь тохирсон тунгаар, давтамж, хугацааг зөв тогтоох ёстой аж.
Мөн хэрэглэж эхлэхээс өмнө эмчийн заавраар нэдүгээр төвшнөөс эхлэх нь үр дүнтэй байдаг. Гэвч манай эцэг эхчүүд хүүхэд нь багахан халуурах төдийд антибиотикийг буруу, зохисгүй хэрэглэдэг нь өсгөвөр үүсэх гол шалтгаан болдог байна. Хүүхэд 38 хэм хүртэл халуурах тийм ч аюултай биш бөгөөд энэ тохиолдолд яаран эм хэрэглэх шаардлагагүй аж. Харин 38-аас дээш халуурч буй тохиолдолд эмчийн заавраар халуун бууруулах эм хэрэглэх ёстой ажээ.
Б.Золзаяа: Монголд анх удаа давхар тусгаарлагч бүхий эрчимт эмчилгээний тасаг бий болно
Улсдаа ганц гэгдэх Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн өргөтгөлийн байр ашиглалтад орсонтой холбогдуулж хүүхдийн тасгийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Их тэнгэр” ротаракт клубээс ХСҮТ-ийн хүүхдийн тасгийг олон улсын стандартад нийцсэн, давхар тусгаарлагч бүхий эрчимт эмчилгээний тасагтай болгохоор хандивын аян өрнүүлж байгаа аж. Энэ тухай “Их тэнгэр” ротаракт клубийн төслийн хорооны гишүүн Б.Золзаяагаас тодрууллаа.
-Давхар тусгаарлагчтай гэхээр вакум хаалга бүхий өрөөг хэлж байгаа гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Хүмүүс мэдэх байх, гадаадын эмнэлгийн байгууллагуудад тусгаарлагч хаалга бүхий эрчимт эмчилгээний тусгай өрөө байдаг. Энэ өрөөг олон улсад “Ариун өрөө” хэмээн нэрлэдэг бөгөөд эмнэлгийн бусад орчин болоод тоос шороо, орчны бохирдлоос давхар вакум хаалгаар тусгаарлагдсан, ариун цэврийн дээд зэргийн шаардлага хангасан, агаар цэвэршүүлэгч бүхий өрөө байдаг. Манай ХСҮТ-ийн хувьд өдийг хүртэл хүүхдийн тасаггүй, хоёр өрөө, зургаан ортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Гэвч жилд 40-45 хүүхэд хүлээн авдаг нь өндөр ачаалалтайд тооцогддог. Тиймээс шинээр ашиглалтад орж буй өргөтгөлийн байранд нь хоёр өрөө гаргуулж, тохижуулж өгөхөөр “Мэдлэгээ бусдад түгээе” буюу “Паззл” гэх цуврал лекц зохион байгуулж байгаа юм. Тасалбар нь 5000 төгрөгийн үнэтэй уг лекцийн маань анхны зочноор “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ганжавхлан оролцож, оюутан залууст лекц уншсан бол өчигдөр болсон “Паззл-2” лекцинд маань “Хас”-ын Ганхуяг, “Алибаба” номын орчуулагч Саруул, “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч, бүжигчин Саруултөгс болон Гавьяат жүжигчин Уранчимэг эгч нар оролцож залууст мэдлэгээ түгээсэн.
-Эрчимт эмчилгээний өрөө тохижуулах нийт өртөг зардал нь хэд болж байгаа вэ?
-20 орчим сая төгрөг болно гэх тооцоо судалгаа гаргасан. Ер нь, давхар тусгаарлагчтай өрөө гэдэг утгаараа Монголд анх удаа хийгдэх ажил л даа. Манай эмнэлгийн байгууллагууд эрчим эмчилгээний өрөөтэй байдаг ч яг зүй ёсны, шаардлагад нийцсэн нь байдаггүй. Тиймээс нэгэнт хийж байгаа учир анхнаас нь олон улсын стандартад нийцүүлэхийг зорьж байна. Төсөв хөрөнгөө хандиваар цуглуулж байгаа болохоор яг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг нарийн хэлэх боломжгүй. Ямартай ч, энэ ондоо багтаана гэсэн төлөвлөгөөтэй. Ер нь, хандив цуглуулахаар багагүй ажил хийсний нэг нь дээрх цуврал лекц юм. Цаашид “Паззл-3” лекцээ зохион байгуулахаас гадна олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулна. Бидний хувьд хүнээс зүгээр мөнгө авах бус хариуд нь мэдлэг, мэдээлэл түгээхийг чухалчилж байна. Энэ талаас нь авч үзвэл хүүхдүүдэд ч тэр, хандив өргөж буй хүмүүст ч тэр буянтай ажил юм.
-Клубийнхээ тухай товч танилцуулаач. Үйл ажиллагааны үндсэн зорилго, чиглэл нь юу вэ?
-Үндсэн үйл ажиллагаа нь хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг. “Ротари ротаракт” гэх олон улсын байгууллагын Монгол дахь салбар. Одоогоор сайн дурын үндсэн дээр нэгдсэн 50 гаруй гишүүнтэй.