Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бан Ги Мун Ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс гарлаа

Б.СЭВЖИДМАА

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалтай нэр дэвшигчээр тодроод байсан ч өрсөлдөөнөөс нэрээ татлаа. Улс төрийн асар их тэмцэл дунд улсынхаа хамгийн дээд албан тушаалын төлөө өрсөлдөх гэсэн нь Бан Ги Муныг асар их дайралтын бай болгож, энэ нь эргээд өөрт нь хүнд цохилт болжээ.

Энэ оны эхээр АНУ-д Бан Ги Муны дүү болон зээ дүүг нь улс дамнасан авлигын хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм. Түүний дүү Бан Ги Сан “Киангнам” хэмээх барилгын компанитай бөгөөд 2013 оны эхээр санхүүгийн хүнд байдалд орж, улмаар Вьетнам дахь барилгаа өндөр үнээр худалдахыг хүсчээ. Тэрээр Ойрхи Дорнодын нэгэн орны хөрөнгийн санд барилгаа 800 сая амдоллараар худалдахын тулд эрх бүхий хүмүүст авлига өгөх гэж оролдсон гэж прокурорууд үзэж байгаа. Тэр ч бүү хэл нэрийг нь нууцалсан тус орны төрийн өндөр албан тушаалтныг НҮБ-ын чуулганд оролцохоор ирэх үед нь уулзаж, наймаагаа баталгаажуулах гэж оролджээ. Тэрээр Ойрхи Дорнодын эрх бүхий хүнд зуучилсан АНУ-ын бизнесмэнд 500 мянган ам.долларыг эхний ээлжинд өгөөд ажил нь бүтвэл хоёр сая ам.доллар өгнө гэж амласан аж.  Гэвч Бан Ги Сан энэ бүхнийг худал гэж мэдүүлж, батлан даалтад гараад байгаа юм.

Бан Ги Мун ч дүүд нь тохиолдсон эл явдал улс төрийн өрсөлдөөнөөс үүдэлтэй, нэр төрийг нь гутаан доромжлох зорилготой хэмээн үзэж байна.  Тэрээр “Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд болж өнгөрсөн явдал надад, миний гэр бүлд, мөн 10 жилийн ажил амьдралаа зориулсан НҮБ-д том шарх үлдээлээ” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.

Нэгэнт улс төрийн тоглоом түүнд хатуудаж, өнгөрсөн хугацаанд олж авсан нэр хүндэд нь сэв суулгаж ч мэдэхээр байсан тул тэрээр өрсөлдөөнөөс гарахаа ийнхүү зарлалаа. Түүнийг нэрээ татсанаар БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд сөрөг хүчний нэр дэвшигч Мүүн Жэй Ин итгэл төгс тэргүүлж эхэллээ. Бан Ги Муны рейтинг түүнээс ердөө дөрвөн хувиар л бага байсан юм.

Өмнөд Солонгос энэ онд Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулах боловч яг хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь, одоогийн төрийн тэргүүн Пак Гын Хэг огцруулахаар парламент нь шийдсэн ч Үндсэн хуулийн цэцээс энэ шийдвэрийг нягтлан шалгаж байгаа юм. Хэрэв Цэцээс шийдвэрийг зөв хэмээн үзвэл Пак Гын Хэ нэн даруй огцорч, 60 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг хийх ёстой. Харин буруу гэж үзвэл Пак Гын Хэн энэ оны сүүлчээр бүрэн эрхийн хугацаа нь дуусах хүртэл Ерөнхийлөгч хэвээр үлдэнэ.
Бан Ги Мун өнгөрсөн оны сүүлчийн өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөөд эх орондоо ирэхдээ улсынхаа улс төрийн тогтолцоог шинэчлэх чин хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан