Б.БИЛГҮҮН
МоАХ-ны анхан шатны бүртгэлийн судалгаагаар 5000 орчим партизаны 68 хувь нь 50-с дээш насныхан аж. Харин бүртгэлд хамрагдсан партизануудын 70 гаруй хувь нь дунджаас доош түвшний амьдралтай, 65 хувь нь гэр хороололд амьдардаг, 39 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй гэх тоо баримт бий.
Тиймээс МоАХ тэдний нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж удаа дараа мэдэгдэж, МоАХ-ын дарга Х.Баттулга тэргүүтэй гишүүд хуулийн төсөл боловсруулж байсан ч УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаагүй тул, хэлэлцээгүй байдаг. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ партизануудын нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй тул хэлэлцүүлгийн шатанд байгаа Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөлд партизануудтай холбоотой нэмэлт, заалт оруулахаар шийдвэрлэсэн юм.
Гэвч, өчигдөр хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо С.Эрдэнэ нарын гаргасан саналыг дэмжсэнгүй. УИХ-ын дэгийн тухай хуулиар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байхад УИХ-ын гишүүн санал гаргах юм бол байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авах ёстой байдаг юм байна. Харин партизануудад төрөөс дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх заалтыг УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар дэмжээгүй тул санал уналаа.