Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн хүний тоо 81,5 хувиар өсчээ


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дөрөв дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар өнгөрсөн оны тайлангаа танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нар “Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-г танилцуулсан юм.

Монгол Улсын шүүх 2016 онд нийт 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 14.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 14.7 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 15 тэрбум 230 сая 342 мянга 818 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 526 хүний амь хохирч, 1218 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.

Хүний амь хороосон, хулгай дээрэм, танхайрах, зам тээврийн осол, гэмтэлтэй холбоотой хэрэг тус тус буурсан байна. Харин мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг 76.1 хувиар, ял шийтгүүлсэн хүний тоо 81.5 хувиар өсчээ. 

 Гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 46.3 хувь нь 18-29 насны хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан. Нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 62.6 хувь нь /давхардсан тоогоор/ нь эрхэлсэн ажилгүй, сургуульд суралцдаггүй хүмүүс байгаа төдийгүй өмнөх оноос 9.1 хувиар буурсан байна.  
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуультай холбоотой 187 хэрэг шийдвэрлэгджээ. Сонгуулийн зөрчилтэй холбоотой 1231 материал хүлээн авсан бол үүнээс 1223-ыг нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдээд байгаа аж. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд сонгуулийн зөрчилийн 92 материал хүлээн авч, анхан шатны шүүхийн 47 шийдвэрийг хэвээр үлдээж, 4 шийдвэрт өөрчлөлт оруулж, 41-ийг нь хүчингүй болгожээ.
   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан