Нийслэлд алга дарам газар өдөр ирэх бүр үнэд орж өндөр барилгууд сүндэрлэсээр. Харин хотын зах руу гэр хороолол хүрээгээ тэлж эмх замбараагүй төлөвлөлтгүй явсаар. Иймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хотод шинээр газар олгохгүй байх талаар захирамж гаргасан. Тус захирамж нь нийслэлд газрын эрэлтийг улам нэмэгдүүлсэн. Мөн нийслэлээс нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон. Иймээс цахим бүртгэлээр газар өмчилсөн иргэд, газар эзэмших гэрчилгээтэй байсан иргэд газрын маргаанаа цэглэхээр харьяа дүүргийнхээ газрын албадад дугаарлан зогсох болжээ. Нийслэлд хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээд байгаа гэнэ. Үүний 103 нь хашаа барьсан бол 116 нь хашаа барьж хаалт ч хийгээгүй байсан аж. Тиймээс газар эзэмших эрхийг нь цуцалж эхэлжээ. Түүнчлэн зургаан дүүргийн хэмжээнд 121 хуулийн этгээд 13.13 га газрыг хэтрүүлэн ашигласан гэсэн судалгааг нийслэлийн Газрын албанаас гаргаад байна. Мөн нийтийн эдэлбэрийн газарт хашаа хайс барилга байгууламж барьсан 430 обьект, хайс барьсан 208 иргэн байна гэсэн судалгааг гаргажээ.
НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энд нийслэлийн харьяат иргэн бүр оршин суугаа дүүргээс үл хамааран зарлагдсан аль ч байршлаас сонголт хийж хүсэлтээ гаргаж байсан юм. Энэ талаар нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Оюунбилэгээс тодруулахад “Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. Ингэхдээ газар өмчлөлийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулахаар болж, журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар баталсан. Эхний ээлжинд Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүрэгт таван байршлыг сонгон, хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулснаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлж байсан. Ингэснээр нийтдээ 5 удаа, нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар 69 мянга 836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан. Харин цахимаар газар өмчлөх эрх нь үүссэн ч эрхээ 15 хоногийн дотор баталгаажуулаагүй иргэдийн эрхийг шууд цуцалсан” хэмээн ярьсан юм. Цахимаар газар өмчлөх үйл явц нь нийслэлчүүдийн хувьд шинэлэг зүйл болж байсан бөгөөд иргэд ч таатай хүлээн авч газар өмчлөх үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсан.
Өнгөрсөн онд цахимаар 13 мянга 356 иргэн газар өмчилж авчээ
2016 онд 16 мянга 139 иргэнд 820.88 га газар өмчлүүлснээс одоо эзэмшиж байгаа газрыг 2720 иргэнд 150.9 га газрыг өмчлүүлсэн бол цахим хэлбэрээр 13 мянга 356 иргэнд 668.64 га газрыг өмчлүүлжээ. Мөн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй 18 иргэний 1.14 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэв. Нийслэлээс батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн. Энд зуслангийн зориулалтаар газраа эзэмшиж буй 161 иргэний 9,6716 га газрыг өмчлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл бэлтгэгдэн хянагдаж байгаа юм байна.
Ингэснээр 2003-2016 онд нийт 185 мянга 744 иргэнд 9828.3 га газрыг өмчлүүлээд байгаа хэмээн нийслэлийн Газрын албанаас мэдээллээ. Харин гэр бүлээрээ газраа хамтран өмчилсөн иргэдийн хувьд дахин шинээр газар өмчлөх эрхгүй байдаг. Тиймээс өмчлөлийн эрхээ шилжүүлэх журамтай. Тэгвэл 2016 онд нийслэлийн Газрын алба 1615 өрхийн хамтран өмчлөгчийн эрхийг өрхийн нэг гишүүнд шилжүүлж 5157 иргэний дахин газар өмчлөх эрхийг нь нээж өгчээ.
Цаашдаа шинэ суурьшлын бүсэд цахим хэлбэрээр иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд зуслангийн газар эзэмшиж буй иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг ч давхар хийх гэнэ. Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Үүний гол шалтгаан нь хот зах руугаа тэлж гэр хороолол нэмэгдэж гэр хорооллын яндангууд утаа үйлдвэрлэж байна хэмээж буй. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлд суурьшлын бүсэд газар шинээр олгохгүй байх захирамж гаргасан. Харин суурьшлын бүсээс гадна хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж тэндээ газар олгох юм. Энд Багануур, Налайх дүүрэг орж байгаа. Тухайн бүсэд шинээр гэр хорооллыг төлөвлөж цахим хэлбэрээр газар олгох гэнэ. Ингэхдээ газрын харилцааны U-LAS систем нэвтрүүлж иргэд газартай холбоотой төрийн үйлчилгээ мэдээ мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авч хянах гэнэ. Түүнчлэн газрын харилцааны шинэ төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж Улаанбаатар хотын “Газрын сан” “Газрын бирж“ холбогдох журмын төслийн санал боловсруулан Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Харин дахин төлөвлөлт барилгажуулалтын хувьд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууц, буулган шинэчлэх барилгажуулах төлөвлөгөөг нийслэлийн Газрын алба 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгажээ. Үүнд, Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд орон сууцны 26, 28, 29 дүгээр байр, Баянзүрх дүүрэгт 11, 12, 22, 23 дугаар хороо Улиастайн офицеруудын орон сууцны 2-9 дүгээр байр, Сүхбаатар дүүрэгт 1,4,6,18 дугаар хороонд гэх мэтээр байршил тус бүрээр нь гаргаж төлөвлөжээ. Улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газрын албатай газар эзэмших, ашиглах гэрээ байгуулан газрын төлбөр төлөгчөөр бүртгэгдсэн иргэн, аж ахуйн нэгж татвараа төлөх учиртай. Харин газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, газар эзэмших, ашиглах дөрөвдүгээр бүлгийн зургадугаарт заасны дагуу алданги тооцно. Хэрэв газар эзэмших, ашиглах нөхцөлийг удаа дараа зөрчсөн тохиолдолд шүүхийн байгууллагад шилжүүлэн газрын эрхийг хүчингүй болгох талаар нийслэлийн Газрын албанаас анхааруулж байна.