Ж.ЖАМУХА
Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал, өвчтөнд үүсэх хүлээлтийг бууруулахаар ирэх сарын 1-нээс зарим улсын эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах тухай шийдвэрийг ЭМЯ-наас гаргасан. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэгээс тодрууллаа.
-Хэчнээн эмнэлэг, хэдий хугацаанд уртасгасан цагаар ажиллах вэ?
-Эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, өвчтөнүүдийн хүлээлтийг багасгах зорилгоор улсын эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллахыг яамнаас үүрэг болгосон. Үүний дагуу Улсын I төв эмнэлэг, Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг ирэх сарын 1-нээс, Гэмтэл согог судлалын үндэсний төвийг гуравдугаар сарын 1-нээс 20:00 цаг хүртэл буюу уртасгасан цагаар ажиллуулахаар болж байна. Гэхдээ ГССҮТ-ийн тухайд зарим амбулаторийн тасгууд болон зарим оношилгооны нэгжүүдийг хамруулсан.
-Уртасгасан цагаар, хоёр ээлжээр ажиллахад хүний нөөцийн хүрэлцээ хангалттай байж чадах уу?
-Одоогоор шаардлагатай хүний нөөц, төсөв санхүүгийн тооцоо хийхээр холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлмэгц шаардлагатай хүн хүч, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн байна. Уртасгасан цагаар ажиллах болсонтой холбогдуулж тухайн эмнэлгүүд хүний нөөцийн судалгаагаа яаманд ирүүлж эхэлж байна. Урьдчилсан байдлаар нэг эмнэлэгт ойролцоогоор 6-15 эмч, сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гаргаад байна.
-Ханиад томууны дэгдэлт их байгаагаас эмнэлгүүдийн ажиллах цагийг уртасгасан гэж ойлгож болох уу. Эсвэл туршилтын журмаар уу?
-Ер нь, энэ оны эхний нэг сарын байдлаас харахад яаралтай тусламж үйлчилгээний ачааллыг бууруулах, эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллуулах шаардлага бий болж байна. Зөвхөн ханиад томууны дэгдэлт бус ерөнхий ачааллыг авч үзээд ийм шийдэлд хүрсэн. Эмнэлгийн байгууллагууд анх удаа уртасгасан цагаар, хоёр ээлжээр ажиллах гэж байгаатай холбогдуулж судалгаа хийж, туршиж тандсаны үндсэн дээр цаашид хэрхэх талаар шийдвэр гарна. Ер нь, ачаалал ихтэй үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, үзүүлэхэд эмнэлэг, өвчтөн гээд хоёр талд адилхан төвөг чирэгдэл, хүлээлт үүсдэг. Тиймдээ ч иргэд эрүүл мэндийн байгууллагад хандахдаа эхлээд цахим хэлбэрээр цаг авах, эсвэл тухайн эмнэлэгийнхээ үзлэг, оношилгооны оочер дугаарлалтыг урьдчилан авах нь өвчтөн өөрт үүсэх хүлээлт, чирэгдлээс сэргийлэх боломжтой. Үүнийг дагаад эмнэлгүүдийн ачаалал ч буурах юм.